Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Ванкуверт дэлхийн эрдэс баялгийн салбарынхан чуулж байна

Канадын гурав дахь том хот Ванкуверт дэлхийн эрдэс баялгийн салбарынхны их цугларалт болж байна. CIM convention нэрээрээ дэлхийд танигдсан их хурлыг 49 орноос 6000 гаруй мэргэжлийн оролцогч зорьжээ.

CIM-ийн их хурал Канадын уул уурхай, металлург, газрын тосны институттэй нас чацуу, 100 гаруй жилийн түүхтэй. 1898 онд Канадын уул уурхай, металлург, газрын тосны институт байгуулагдсан бөгөөд тэр жилээ салбарын бүхий л нарийн мэргэжилтнүүдийг оролцуулсан хурал зохион байгуулсан нь жил тутам уламжлагдан, өдгөө Канадын хил хязгаараас хальж, дэлхийн хэмжээний нэр хүндтэй хурал болж цар хүрээгээ тэлжээ. Дэлхийн хоёр ч дайныг үзсэн буурал түүхтэй хурал энэ салбарт тийм ч олонгүй.       

Энэ оны CIM-ийн их хурал Vancouver Convention Center-т 5 дугаар сарын 10-ны өдөр эхэлсэн бөгөөд дөрвөн өдөр үргэлжлэх юм. Энэ жилийн онцлог нь “Уул уурхайг хүн бүхэнд” нэрийн дор зохион байгуулагдаж байна. 

CIM-ийн их хурал Канадын уул уурхайн салбарын хөгжлийг тодорхойлдог төдийгүй дэлхийн уул уурхай, металлург, газрын тосныхон энэ хурлаас салбарынхаа хөгжлийн чиг хандлага, шийдвэрлэх асуудлууд, хэтийн төлвийн талаарх үнэ цэнтэй мэдээллийг олж авдаг юм. Энэ жилийн тухайд “Эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал ба Олборлох салбар”, “Уул уурхайн усны менежментийн шийдвэрлэх асуудлууд”, “Нийгмийн лицензийг авах, хадгалах, дахин бий болгох харилцааны хэрэгслүүд”, “Уул уурхайн салбарын удирдлага ба манлайллын түвшинд хүйсийн ялгааг хэрхэн багасгах вэ?” зэргээр голдуу хүн рүү чиглэсэн нийгмийн сэдвийн дор 11 салбар хуралдаан болох юм. Олон улсын “Трансперенс” байгууллагын “Авилгын эсрэг хэрэгслүүд болон компанийн эрсдэлийн удирдлагын мэдээллийн эх үүсвэрүүд” сэдэвт салбар хуралдаанд Монголын төлөөлөгчид оролцож байна. Монголын оролцогчдыг төрийн болон төрийн бус байгууллага, их сургууль, судалгааны байгууллага, хэвлэл мэдээллийн салбарынхнаас гадна Бритиш Колумбын их сургуульд суралцаж буй судлаач, оюутнууд гээд олон талын  төлөөлөл бүрдүүлжээ. Монголын төлөөлөгчид CIIEID буюу Канадын олборлох үйлдвэр болон хөгжлийн олон улсын институтын урилгаар туршлага солилцох зорилгоор Ванкуверт ирээд байгаа юм.  

CIM-ийн их хурлын үеэр Канадын уул уурхайн зах гэгддэг CIM Экспо зохион байгуулагддаг. 31 дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа Экспод дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 500 гаруй компани оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологио танилцуулж байна.

Дашрамд дурдахад, CIM convention дэлхий даяар гишүүнчлэлтэй.  Гишүүнчлэлийн тоо 14600 хүрсэн бөгөөд Засгийн газрын байгууллагууд, судалгаа шинжилгээний институт, компаниуд гээд олон талтай аж.

Н.Ариун