Рио Тинто Гвинейн Симандоу ууланд хэрэгжүүлж буй 20 тэрбум долларын өртөг бүхий төмрийн хүдрийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй билээ. Энэ төсөл нь тус компанийн хувьд хамгийн чухалд тооцогддог юм. Уг төсөлд Рио Тинтогоос (50.35%) гадна Хятадын төрийн өмчийн Чайналко компани (44.65% эзэмшил) болон Дэлхийн Банкны салбар байгууллага Олон улсын валютын сан (5%) хамтран оролцож буй. Харин Гвинейн Засгийн газар энэхүү үлэмж том төслийн санхүүжилт, дэд бүтцийн асуудал дээр дахиж хэлэлцэх зүйл бий хэмээснээс хойш олон сар өнгөрчээ. Энэ бүхний эцэст энэ сарын сүүл гэхэд уг төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд талууд гарын үсэг зурах төлөвтэй байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш өчигдөр ярьжээ. Симандоу уулын төмрийн хүдрийн төсөл нь зөвхөн уурхай бус 650 км үргэлжлэх төмөр зам, 1000 км сайжруулсан зам, эргийн томоохон боомт, харилцаа холбоо болон бусад дэд бүтэц байгуулагдах үүднээсээ асар том төсөл юм.
Энэ төсөл хэрэгжиж эхэлснээр Гвинейн эдийн засагт жил бүр 7.6 тэрбум долларын мөнгөн урсгал оруулах ажээ. Түүнчлэн Гвиней улсын төсөвт жил бүр 1.2 тэрбум долларыг роялти, татварын хэлбэрээр төвлөрүүлэх тооцоо гарчээ. Гвиней улсын эдийн засаг нь тун эмзэг байгаа төдийгүй саяхан цэргийн дэглэмээс ангижирчээ. Тус улсад олон улсын тусламжийн байгууллагуудаас 340 сая долларын хандив 2012 онд цугларчээ.
Харин энэ төсөл ашиглалтад орчихвол Гвинейн эдийн засагт мэдэгдэхүйц ахиц авчирна гэж Рио Тинто харж буй юм.
Уг нь Симандоу ордыг анх ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч энэхүү хугацааг 2018 оны сүүл хүртэл сунгаж хойшлуулаад байгаа билээ.
Төслийн ордын нийт нөөц нь 2.4 тэрбум тонн 62%-ийн агуулгатай хүдэр гэж тогтоогоод буй юм.
Ийнхүү Симандоу шиг томоохон төсөл ашиглалтад орж, нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр төмрийн хүдрийн зах зээлд урт хугацаандаа үнэ өсөх найдвар улам багассаар байна.
Яг одоогийн байдлаар эрэлт багасч, нийлүүлэлт ихэссэнээс үүдсэн хямралын өмнөх шинж тэмдэг төмрийн хүдрийн зах зээлд мэдрэгдэж эхэлсэн гэж хэлж болно. Өчигдөр Хятадын Тянжины боомт дээр 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын тонн тутмын үнэ 98.5 доллар болж буурчээ. Энэ нь 2012 оны есдүгээр сараас хойшхи хамгийн доогуур үнэ юм. Тодруулбал ердөө ганцхан өдрийн дотор төмрийн баяжмалын үнэ хоёр хувиар “суларчээ”. Ийнхүү төмрийн хүдэр/баяжмалын үнэ огцом доошилсон нь Шанхайн бирж дээр арматурын үнэ өчигдөр нэг тонн нь 3130 юань буюу 500 доллар болж, зах зээлийн түүхэн доод үнэд бараг "шүргэсэн" нь голлон нөлөөлжээ.