Монголын эрчим хүчний салбарын бодлого зорилтыг тодорхойлох, салбарт гадаад, дотодын хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Энержи Монголиа 2014” чуулга үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. “Бүтээн байгуулалт-шинэ боломж” уриан дор зохион байгуулагдаж буй тус чуулганаар Монгол улсын эрчим хүчний салбарт хийгдэж байгаа томоохон төсөл хөтөлбөр, ашиглагдах өнөөгийн тоног төхөөрөмж, тэдгээрийн нийлүүлэлтийн тухай хэлэлцсэн юм. Чуулганы эхний өдөр эрчим хүчний бодлого төлөвлөлт, салбарын өрсөлдөөн, үнэ ханшийн бодлого, шинэ болон сэргээгдэх эх үүсвэр, хэмнэлт ба шинэ технологи, агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарын оруулах хувь нэмэр гэсэн 6 чиглэлээр хуралдав. Мөн чуулганы үеэр харилцан ойлголцлын 5 санамж бичгийг үзэглэлээ.
- Шнайдер Электрик Монголиа ба Эрчим Инженеринг хамтран олон улсын стандартад нийцсэн, ухаалаг сүлжээнд холбогдох бэлэн иж бүрэн дэд өртөөг оруулж ирэх тухай,
- Эй Би Би группын Монгол дахь төлөөлөгчийн газар ба Монхорус Интернэйшнл ХХК-ийн хооронд эрх тэгш, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эрчим хүчний салбарт цахилгаан эрчим хүчний бүтээгдэхүүний худалдааны дистрибютрын сүлжээг хөгжүүлэх
- Эй Би Би группын Монгол дахь төлөөлөгчийн газар ба Моннис группын Эрчим ХХК-ийн хооронд эрх тэгш, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эрчим хүчний бүтээгдэхүүний худалдааны дистрибютрын сүлжээг хөгжүүлэх
- Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ХК ба СЭБИКС КОРЕА группын Монгол дахь төлөөлөгчийн газрын хооронд Эрчим хүчийг хэмнэх техник, технологийг Монгол улсад нутагшуулахад хамтран ажиллах тухай
- Эрчим корпораци, Asia Holdings, Hyundai Heavy Industries болон Merits Securities хооронд Монгол улсад Hyundai Heavy Industries технологиор зөөврийн цахилгаан станц барих, техник эдийн засгийн үндэслэл хамтран боловсруулах
Энержи Монголиа 2014” чуулганы хүрээнд өнөөдөр Чингисийн талбайд Эрчим хчүний салбарын төрийн өмчит компаниуд болон энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, гадны компаниуд оролцох үзэсгэлэнгээр үргэлжилж байна. Энэ жилийн чуулганд гадаад, дотоодын 169 төлөөлөгч оролцсон юм. Үзэсгэлэнгийн хувьд Хятад, БНСУ, Япон, Дани, Франц, Тайланд, Их Британи, АНУ, Герман, Белги,Чех, Латви зэрэг дэлхийн 13 орны 19 компани оролцож байна.
Э.Од