Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Мечел Элгагийн төмөр замаа худалдана

Оросын Засгийн газар “Мечел”-д тус компанийн Элга орд руу холбогдсон 321 км үргэлжилсэн 2 тэрбум долларын өртөг бүхий төмөр замын худалдаанд санхүүжилт олгох төлөвтэй байна. Тодруулбал, уг хөрөнгийг “Оросын төмөр зам”-д олгосноор “Мечел”-ийн Элга ордын төмөр замыг төрийн өмчийн төмөр замын компани худалдаж, авах тухай тус улсын Аж үйлдвэр, худалдааны сайд Дэнис Мантуров мэдэгджээ. “Мечел” компани ч энэхүү төмөр замаа “Оросын төмөр зам”-д худалдахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн гуравдугаар сард “Оросын төмөр зам” болон “Мечел” компани Элга ордын төмөр замыг худалдаж авах талаар яриа хэлэлцээр хийж байна гэсэн мэдээлэл орон нутгийн хэвлэлүүдээр цацагдаж байжээ.

Одоогийн байдлаар “Мечел” 8.6 тэрбум долларын өртэй байгаа ажээ. Үндсэндээ 80 мянган ажлын байрыг дангаараа бүрдүүлж буй тус компанийг дампуурлаас аврахын тулд Засгийн газар бүх боломжийг эрэлхийлж буй тухай Салбарын сайд нь тайлбарлажээ. Тус компанийн өр ядаж 6 тэрбум доллар болбол, байдал харьцангуй дээрдэх боломжтой ажээ. Төрийн банкууд аль хэдийнэ тус компанийн өрийг дахин санхүүжүүлэхэд гар бие оролцож дэмжээд эхэлснийг тэрбээр тэмдэглэжээ.

Өнгөрсөн жилийн санхүүгийн тайлангийн дүнгээр тус компани бараг 3 тэрбум долларын алдагдалтай ажиллажээ. Харин өнгөрсөн 5 дугаар сард зээлдэгч байгууллагууд тус компанийн ирээдүйд эргэлзэж буйгаа илэрхийлэх болсон юм.

“Мечел”-д одоо Элга нүүрсний төслийг үргэлжлүүлэхэд нэмэлт санхүүжилт хэрэгтэй байгаа билээ. Одоогийн байдлаар Элга төсөлд тус компани 2 тэрбум доллар хөрөнгө оруулчихаад буйн дийлэнх нь төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулагджээ.

Гэхдээ “Оросын төмөр зам”-ын ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газар төмөр замын санхүүжилтэд зориулж хөрөнгө гаргах магадлал тун бага ажээ. Учир нь энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцсэн ч Оросын төрийн санхүүгийн байдалд сайнаар нөлөөлөхгүй гэж үзэн саналыг батлаагүй байна. Байдал нэгэнт ийм байгаа тул төмөр замын байгууламжийг худалдах асуудлыг Засгийн газрын оролцоогүйгээр хоёр тал зах зээлийн журмаар шийдэх тухай таамгийг зарим хэвлэл дэвшүүлжээ.

Элга орд бол дэлхийн хамгийн том нүүрсний ордуудын нэг бөгөөд 2.2 тэрбум тонн сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй уурхай юм. 


Б. Төгс