Өмнөговь аймгийн Овооттолгойн нүүрсний ордод олборлолт, экспорт явуулдаг “Саусгоби Сэндс” компани үйл ажиллагаагаа 7 дугаар сарын дунд үе хүртэл сааруулж, хумихаар болсон байна. Хятадын нүүрсний эрэлттэй холбогдуулан тус компани нүүрсний олборлолт, экспортоо бууруулахаар төлөвлөжээ. Үүний хүрээнд тус компани 405 ажилтныхаабараг тал хувийг нь цалингийн 60%-ийг нь өгч амраахаар болж байгаа ажээ. Ирэх 7 хоногоос ажилтнуудаа амрааж эхлэх гэж буйг эх сурвалж мэдээлж байна.
“Саусгоби Сэндс” компани нь Хонконг, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Овооттолгойгоос гадна Сүмбэр, Заг Сүүжийн коксжих нүүрсний ордыг эзэмшдэг. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 640 мянган тонн түүхий нүүрс олборлож, 390 мянган тонныг экспортолсон байна. Үүнээс 5.1 сая долларын борлуулалтын орлого олж, 20.8 сая долларын алдагдалтай ажилласнаа зарлаж байсан юм.