Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

SouthGobi Sands-ийг энэ сард зарна

Хятадын хилээс 40 км-ийн зайтай байрладаг Овооттолгойн нүүрсний ордод олборлолт явуулдаг тус компани тун удахгүй шинэ эзнээ зарлах аж. SouthGobi Sands-ийн толгой компанийн нэрийг манай уншигчид андахгүй. SouthGobi Resources нэртэй толгой компанийх нь 56 %-ийг Turquoise Hill Resources эзэмшдэг. Мөн л монголчуудад танил нэр байгаа биз?

Мөнөөх SouthGobi Resources-ийн 16 %-ийг China Investment Corp. эзэмшдэг ба Овооттолгойд олборлолт, борлуулалт хийж буй SouthGobi Sands-ийн (SGS) үйл ажиллагааг дэмжих зорилгоор 250 сая ам. долларыг хятадууд зээлдүүлсэн билээ. Зах зээлийн нөхцөл, нүүрсний үнийн уналттай холбоотойгоор SGS одоо зээлийн хүүгээ төлөх боломжгүй төдийгүй эргэлтийн хөрөнгөгүй хүнд байдалд ороод байна.

Тиймээс тавдугаар сард SouthGobi Resources-ийн том хувьцааг эзэмшигч Turquoise Hill Resources нь 10 сая ам. долларын амь тариаг SGS-д хийсэн. Богино хугцаатай зээл өгсөн гэсэн үг. Энэ оны эхний улирлын үйл ажиллагаагаа SGS саяхан зарлаж, 20.8 сая ам. долларын алдагдалтай ажилласнаа мэдэгдэв.

Ингээд хувьцаа нь Хөрөнгийн биржүүд дээр 0.64 ам. доллар болтлоо унаад байгаа SouthGobi Resources буюу монголчуудын сайн мэдэх SGS-ийн толгой компанийг зарах хэлцэл төгсгөлийн шатандаа тун хурдан ойртлоо. Цагийн сайнд буюу 2010 оны 1 дүгээр сард SouthGobi Resources-ийн нэгж хувьцаа Торонтогийн бирж дээр 20 ам. доллар хүрч байсныг тэмдэглэе.

Монголын хилээс 40 км-т орших Овооттолгой нүүрсний ордыг наймаалцах сонирхол өнөөдөр өрнөөгүй, хэдэн жилийн өмнөөс яригдаж, хариугүй ажил хэрэг болчих дөхсөнийг бид сайн мэднэ. БНХАУ-ын төрийн мэдлийн Чалко компани SGS- ийг 2012 оны 3 дугаар сард худалдан авах тун дөхсөн удаатай. Уг арилжаа толгой компани Turquoise Hill Resources-ийнх нь уугуул нутаг Ванкуверт ид хэлэлцэгдэж байх үед Монголын Засгийн газар өмнийн говийн нүүрсний том бассейнаа Хятад улсын төрийн мэдлийн компанид алдчихгүй байх арга сүвэгчилж эхэлсэн түүхтэй. Учир нь SouthGobi Resources-ийн мэдэлд Овоотолгойгоос гадна Сүмбэр, Заг, Сүүжийн коксжих нүүрсний орд байдаг. БНХАУ-ын төрийн мэдлийн компанид коксжих нүүрсний ихээхэн нөөц очих бодит байдал бий болсны улмаас 2012 оны хавар УИХ хуулийн хаалт хийхээр шуурхай ажилласан юм.

Стратегийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төсөл 2012 оны дөрөвдүгээр сард Парламент дээр гэрлийн хурдаар яригдаж, тавдугаар сарын 15 буюу SouthGobi Resources-ийг 926 сая ам. доллараар Чалкод зарах хэлцлийн төгсгөлийн шатанд батлагдан, улмаар хаалт болж чадсан билээ. УИХ дээр уг хуулийн төслийг хэлэлцэх үед зөвхөн гадаадын төрийн мэдлийн компани стратегийн салбарын аж ахуйн нэгжид хөрөнгө оруулах үйл явцад хяналт тавих маш чухал заалт туссан байсан. Хэрэв зэ, зөвхөн энэ заалтаар хууль батлагдсан бол тухайн үед ч, хожим ч Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үүднээс үүргээ биелүүлсээр байх байсан гэдэгт эргэлздэггүй.

Харин хэлэлцүүлгийн явцад гадаадын төрийн мэдлийн компани төдийгүй хувийн  компанийн хөрөнгө оруулалтыг ч хянахаар тэс өөр агуулга хуулийн төсөлд шургалсан юм. Чухам энэ бодлогогүй “оруулга” хөрөнгө оруулалтын урсгалыг хумих нэг шалтгаан болсон. 68 хувийн татварыг зөвхөн зэс дээр тогтоосон хуулийн төслийг УИХ хэлэлцэх явцад “алт” гэсэн оруулга гэнэт нэмж шургуулснаас болж алтны салбар дампуурсантай яг адил үйл явц Стратегийн салбарын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийн хэлэлцүүлэг дээр давтагдсан юм.

Ингээд хоёр жилийн дараа үйл явдал давтагдаж байна. Харин SGS- ийн толгой компани SouthGobi Resources -ийг энэ удаа хэн авах санал тавьсан бэ гэдэг нь хамгийн сонирхолтой асуудал. Худалдах Гэрээний талаар болон худалдан авагчийн талаар мэдээллийг одоогоор ил гаргаагүй байгаа боловч БНХАУ-ын компани байх өндөр магадлалтай. China Investment Corp.-аас авсан их хэмжээний зээлээ төлөх чадваргүй болсон SGS-ийн шинэ эзэн 6 дугаар сарын сүүлээр тодорхой болно. Одоогоор тус компани ажилчдынхаа талыг түр амраагаад байна.

Монгол улсын эдийн засаг хүндэрч, хөрөнгө оруулалтыг баруун солгойгүй уриалан дуудаж буй шинэ нөхцөл дунд SGS-ийн арилжаа хийгдэх нь тодорхой болжээ. Дашрамд дурдахад SouthGobi Resources-ийн эцэг нь Turquoise Hill Resources. Харин Turquoise Hill Resources-ийн аав нь Рио Тинто, 51 %-ийг нь эзэмшдэг. Орос матрёшка шиг дээр дээрээ давхарласан эздийн дунд Овооттолгойн арилжаа эцэслэгдэх тун дөхлөө.

Л. Болормаа