Монгол улс болон ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд энэ сарын 16-18-ны өдрүүдэд Герман-Монголын бизнесийн өдрүүд Улаанбаатар хотноо болж байна. Хоёр улсын бизнесийн өдрүүдийг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага болон Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулж буй юм. Энэ хүрээнд “Made in Germany” сэдэвт бага хурлаар хоёр улсын салбар салбарын тэргүүлэх компаниуд үйл ажиллагаагаа танилцуулан илтгэл тавьж оролцож буй бөгөөд мөн өөрсдийн үйл ажиллагаагаа үзэсгэлэнгийн талбайд танилцуулж байна. Уг хурал, үзэсгэлэнд Германы аж үйлдвэр, инновацийн томоохон муж болох Баден-Вюртеммбергийн тэргүүлэх компаниудын төлөөлөл мөн багтаж буйгаараа ихээхэн онцлог юм. Өнөөдрийн хурлыг Эдийн засгийн хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Баден-Вюртеммберг Интернэшнл компанийн Ерөнхий захирал Юрген Освальд “Санаачлагатай, идэвхитэй бизнесийг олж хөгжүүлэх” тухай сэдвээр үг хэлж нээсэн юм. Өнөөдрийн хурлаар Блю Скай дахь гурван танхимд барилга угсралт, үйлдвэрлэлийн шийдлүүд, байгууллагын нөөцийн төлөвлөлтийн систем, усны дэд бүтэц, худалдан авалтын мастер сургалт, төслийн санхүүжилт, логистикийн шилдэг шийдлүүд, хууль эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээний чиглэлээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийх юм. Өнөөдрийн хурлын “Банк, санхүү зээлийн хомсдолтой үед хэрхэн бизнес хийх вэ?” онцлох хэлэлцүүлэгт Монголын банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөл уригдан оролцох юм.
Харин маргаашийн хурал Монголын хөгжлийн түвшин, бизнесийн орчны талаархи судалгааны танилцуулгаар эхэлнэ. Дараа нь Монголын томоохон төслүүдийн бүтээн байгуулалт, барилга угсралтын гэрээний туршлага сэдвээр илтгэл тавина. Үүнд Эрдэнэс Монгол, МАК зэрэг компанийн бүтээн байгуулалтын туршлагаас хуваалцана. Мөн компанийн үнэт зүйлс, хүний нөөц, ногоон эрчим хүч, цэвэр ус, шар айраг үйлдвэрлэлийн чиглэлээр үдээс өмнө илтгэлийг Герман, Монголын компаниудын төлөөлөл танилцуулна. Дараа нь 14:00 – 18:00 цагийн хооронд төмөр замын дэд бүтэц, мэдээлэл харилцаа холбоо, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, компанийн нийгмийн хариуцлага, автомашин, жижиглэн худалдаа, зочид буудлын бизнес, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн туршлага, сургамж зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнөх ажээ.
Энэхүү хурлын зэргэлдээ гадаад, дотоодын 30 гаруй компанийн үзэсгэлэн маргааш оройн 18:00 цаг хүртэл олон нийтэд нээлттэй байх юм. Үүнд барилга угсралт, уул уурхай, ложистик, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, дизайн шийдэл зэрэг олон салбар багтаж буй юм.
Монгол-Германы хамтын ажиллагаа
эхэлснээс хойшхи 20 жилийн хугацаанд Германы Засгийн газар, мөн олон талт
байгууллагуудын хүрээнд олгосон хөгжлийн санхүүжилтүүд нь нийтдээ 450 сая орчим
евро болсон байна. Эдгээр санхүүжилт нь Монголын эдийн засаг, эрх зүйн болон
ойн аж ахуйн хуулиудын шинэчлэлт, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, санхүүгийн бүртгэл
тооцооны хяналтын шинэчлэлд бодит хувь нэмэр оруулжээ. Өнгөрсөн онд хоёр улсын нийт худалдааны эргэлт
270.6 сая ам.доллар болжээ. Одоогоор Германы
300 орчим компани Монголд идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй тухай 65 гишүүн
компанийг эгнээндээ нэгтгэсэн Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо (DMUV) мэдээллээ.
Б.Төгс