Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Төмрийн хүдрийн үнэ өсч, коксжих нүүрснийх буурав

Ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд нэлээд уналттай байгаа билээ. Өнгөрсөн сарын байдлаар нэг тонн коксжих нүүрсний FOB үнэ Австралийн боомтууд дээр 102 доллар байсан юм. Харин өчигдрийн байдлаар үнэ дахин буурч, 98.9 долларын үнэтэй болжээ. Гэхдээ энэхүү үнийн бууралт он гарснаас хойшхи анхны тохиолдол биш юм. Коксжих нүүрсний зах зээлд нийлүүлэлт хавьгүй их байгаа учир худалдан авагчид илүү доод үнээр нүүрс авах сонирхолтой байгаа талаар шинжээчид тэмдэглэж байна. Зах зээлд тогтоод буй энэхүү үнэ нь компаниудын ашигтай ажиллах үнээс хавьгүй доогуур хэмжээнд аль хэдийнэ хүрчихээд байгаа юм. Нүүрсний компаниудын хувьд 140 доллар бол ашигтай ажиллаж болохуйц доод үнэ гэж зах зээлийн шинжээчид тайлбарладаг. Гэвч энэ жил ч, ирэх жил ч коксжих нүүрсний үнэ өсөх таамаг бараг байхгүйг зах зээлийн нөхцөл байдал харуулсаар байна. Дэлхийн зах зээлд үнэ буурч буй тул Хятадын дотоодын олборлогчид ч үнээ буулгах болжээ. Хятадын нүүрс олборлогч Shanxi Coking Coal өнгөрсөн сард нүүрснийхээ тонн тутмын үнийг 2-3 доллараар буулгаад байсан бол 7 дугаар сар гарсаар үнээ дахин 2 доллараар татлаа.

Харин төмрийн хүдрийн баяжмалын хувьд өнгөрсөн сарын сүүлээр нэг тонн нь Тяньжины боомт дээр 89 доллар хүрч, сүүлийн хоёр жил орчмын хугацаан дахь хамгийн доод үнэдээ хүрсэн юм. Ийнхүү үнэ 100 доллараас доош буусан нь төмрийн хүдрийн томоохон олборлогчдын хувьд тун хүндхэн мэдээ болж байна. Хятадын дотоодын төмрийн хүдэр олборлогчдын олборлолтын зардал нь л гэхэд 100 гаруй доллар байдаг юм. Гэхдээ Хятадын эдийн засаг сайжирч, түүхий эдийн зах зээл эргэн сэргэх найдвар нэмэгдэж буй тул төмрийн хүдрийн үнэ өсч эхлээд байна. Тухайлбал өнгөрсөн мягмар гаригт Австралийн төмрийн баяжмалын үнэ нэг тонн нь Хятадын боомт дээр 1.5 доллараар нэмэгдэж 95 доллар болжээ. Үүний адилаар Хятадын Dalian түүхий эдийн бирж болон Сингапурын бирж дээр төмрийн баяжмалын үнэ 1.1-2 хувиар тус тус өсчээ. Төмрийн хүдрийн хувьд зах зээлд нийлүүлэлт харьцангуй өндөр байгаа ч үнэ ийнхүү өсч буй нь шинжээчдийн тайлбараас зарим талаар зөрж буй юм.

Дойче банкны хувьд энэ онд дэлхийн төмрийн хүдрийн зах зээлд 55 сая тонны нийлүүлэлтийн илүүдэл буй бөгөөд ирэх онд энэ нь 106 сая тонн болж өсч мэдэх тухай тооцоондоо дурджээ.

Коксжих нүүрс, төмрийн хүдрийн зах зээлд гол үүрэгтэй оролцдог Хятадын эдийн засаг оны хоёрдугаар улиралд 7.5%-иар өссөн урьдчилсан дүн гарахаар байгааг Хятадын банкны Олон улсын Санхүүгийн судалгааны агентлаг тайландаа дурджээ. Тайланд дурдсанаар тус улсын аж үйлдвэрлэл өнгөрсөн 5 дугаар сард 8.8%-иар өсчээ. Тус байгууллагын тооцоолж буйгаар оны 3 дугаар улиралд Хятадын эдийн засгийн өсөлт 7.6%-тай байх төлөвтэй байна.



Б.Төгс