Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

”Эрдэс боловсруулалт- 2014” форум болно

Ийм нэртэй бага хурал 10 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо болно. Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо эл хурлыг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй юм.  Энэ жилийн тухайд ШУТИС-тай хамтран зохион байгуулахаар болжээ.
 
Уул уурхайн салбарт хурцаар тавигдаж буй асуудлын нэг нь эрдэс боловсруулалтын технологи, түүнийг тойрсон эрх зүй, удирдлага зохион байгуулалт бөгөөд энэ чиглэлийн асуудлыг төр засаг, бизнесийн байгууллага, мэрэгжилтнүүдийг оролцуулан хэлэлцэх нь чухал хэмээн тус холбоо үзжээ.

Сүүлийн жилүүдэд манай улсад эрдэс боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн тоо нэмэгдэж үйл ажиллагаагаа сайжруулах талаар багагүйг хийж гүйцэтгэж байгаа ч боловсруулах үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, баяжуулах техник, технологийн нэгдсэн бодлого байхгүй, холбогдох стандарт, журмууд нь цаг үеэсээ хоцрогдсон, шинэ, дэвшилтэт онол арга зүй, техник технологийн талаарх мэдээлэл дутмаг, амжилттай ажиллаж буй нэгнийхээ туршлагаас суралцах, харилцан мэдлэг, мэдээллээ солилцох боломж хомс байгаа. Тиймээс Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хэвшүүлэхийн төлөө бодлого, үйл ажиллагаа явуулж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн, уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлд учирч буй эрсдэл, бэрхшээлийг даван туулах боломжийг хамтдаа хайж, бие биенийхээ тэргүүн туршлагаас суралцах боломжийг нээх үүднээс “ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТ-2014” бага хурлыг зохион байгуулахыг зорьжээ.  

Хуралд тавигдах илтгэлийг 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хүлээн авах бөгөөд доорх шаардлагууд тавигдах ажээ.
1.    Баяжуулах технологи, техник, судалгаа, шинжилгээний ажлын талаар асуудал дэвшүүлсэн, сайн туршлага хуваалцсан.
2.    Уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийн ХАБЭА, хууль эрх зүйн орчинтой холбоотой асуудал дэвшүүлсэн.
3.    Илтгэлийг зэс, алт, нүүрс, төмөр, зэсийн боловсруулалт, молибдены боловсруулалт, уул уурхайн үйлдвэрлэл инноваци чиглэлээр тавих
4.    Компьютер, график, бичлэг нь товч тодорхой, дараах шаардлагад нийцсэн байна. Үүнд:
- Ашиглах программ: MS Word  
- Фонт: Arial mon, Times New Roman (Mon), Font size 12
- Формат: A4 хэмжээтэй цаас, зүүн талаас 3 см ба бусад талаас 2 см зайтай, мөр хоорондын зай 1.5
- Хэмжээ: 10-15 хуудсанд багтсан байх ба e-файлын хамт байна.
- Илтгэх мэдээллээ Power Point программ дээр бэлтгэсэн байна.
Дээрх шаардлагыг хангасан илтгэлийг Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны менежер  Х.Айбектэй холбогдон, aibek@erdenetmc.mn хаягаар хүлээн авах юм байна.   Мөн + 976 (0) 1325-73917, 99351343 утсаар холбогдох мэдээллийг тодруулаарай.

Монгол улсын уул уурхай, эрдэс боловсруулалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, мэргэжилтэн, хувь хүмүүсийг хамруулах энэхүү хуралд хувь хүн 50000, оюутан 10000 төгрөгийн бүртгэлийн хураамж төлөх бөгөөд төлбөрийг Капитрон банкны 3007006154 тоот дансанд тушааснаар хуралд оролцох эрх нээгдэх юм.