"Оюутолгой" төслийг хэрэгжүүлэгч Turquoise Hill компани Southgobi Resources компани дахь эзэмшлийнхээ тал хэсгийг Хонконгийн биржид бүртгэлтэй National United Resources (00254) компанид борлуулахаар тохиролцсоноо зарлалаа. Southgobi Resources компанийн хувьд Монголын Овооттолгой нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг Southgobi Sands компанийн толгой байгууллага юм. Тохиролцооны хүрээнд Хонконгийн National United Resources Southgobi-ийн 29.95%-ийг эзэмшихээр болж буй юм. Ингэснээр Turquoise Hill-ийн Southgobi Resources дэх эзэмшлийн хэмжээ 56 -26% буюу 48.7 сая ширхэг хувьцаа болж буурахаар байна.
Тодруулбал Turquoise Hill Southgobi-д эзэмшдэг 56.1 сая ширхэг энгийн хувьцаагаа нэг бүрийг нь 0.455 канад доллараар үнэлэн худалдаж байгаа ажээ.
Гэрээний хүрээнд хувьцаа худалдах тохиролцоог эцэслэх үед Turquoise Hill эхний 12.8 сая канад долларыг National United Resources-ээс бэлнээр хүлээж авах юм. Харин үлдсэн мөн хэмжээний мөнгийг тохиролцоог эцэслэнээс хойш нэг жилийн хугацаанд багтан авах ажээ. Худалдааны тохиролцоог ирэх 11 дүгээр сарын 30-наас өмнө Хонконгийн хөрөнгийн биржийн удирдлага болон National United Resources-ийн хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авснаар бүрэн эцэслэнэ гэж Turquoise Hill тооцоолж байна.
Энэхүү тохиролцоонд санхүү, хуулийн зөвлөхөөр CIBC World Markets болон Norton Rose Fulbright зэрэг компани ажиллажээ.
Southgobi Resources-ийн хувьд Монголын Өмнийн говьд 200 гаруй сая тонн коксжих нүүрсний нөөцтэй Овооттолгой ордоос гадна Заг сүүж, Сүмбэр зэрэг нүүрсний төсөл хэрэгжүүлдэг томоохон компани юм.
Өнгөрсөн 2012 онд тус компанид эзэмшдэг 60 орчим хувийн эзэмшлээ Turquoise Hill (хуучнаар Айвенхоу Майнз) Хятадын төрийн өмчийн Чалко-д 900 сая доллараар зарах гэж байсантай харьцуулахад энэхүү худалдааны тохиролцооны мөнгөн дүн нь тун бага байгаа юм. Гэхдээ тухайн үед компанийн хувьцааны үнэлгээ одоогийнхоос арав дахин өндөр буюу ойролцоогоор 7 канад доллараар бирж дээр худалдаалагдаж байжээ.
Нөгөөтэйгүүр тухайн үед энэхүү томоохон хэмжээний нөөцтэй ордын эзэмшлээ өөр компанид Монголын талд мэдэгдэлгүйгээр худалдах гэж буй нь зүйд нийцэхгүй гэж үзэн Монголын Засгийн газраас хориглож байсан билээ. Үүнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд хүртэл нэмэлт өөрчлөлт оруулсан.
Хувьцаа арилжихтай холбоотой мэдээлэл цацагдсаны дараа Southgobi-ийн хувьцаа Хонконгийн бирж дээр бараг 4%-иар буурсан бол, Торонтогийн бирж дээрх хувьцаа нь эсрэгээр үнэлгээ нь 3 хувиар дээшилжээ. Turquoise Hill-ийн хувьцааны үнэлгээ ч бас ялимгүй өсөөд байна.
Өнөөдрийн байдлаар Southgobi-ийн хувьцааны үнэлгээ 0.66 канад доллар байгаагаас үзэхэд National United Resources 30 хувийн хямдралтай үнээр хувьцааг худалдаж авч буй юм.
Он гарсаар Southgobi Resources-ийн хувьцааны үнэлгээ 20 гаруй хувиар буураад байгаа юм. Өнгөрсөн 3 дугаар сарын дундуур хувьцааны ханш нь 0.90 долларт хүрч өсч, мөн сарын сүүлээр 0.53 доллар руу буурч байсан нь энэ оны хамгийн дээд болон доод үнэд тооцогдож байна.
National
United Resources-ийн хувьд нүүрсний олон улсын худалдаа, түүхий эдийн
логистик, медиа сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн
онд коксжих нүүрсний худалдааны салбараа нээжээ. Тус компани нь Монголын
нүүрсний худалдааны бизнест хэдийнэ идэвхийлэн орж ирээд байгаа юм.
Б.Төгс