Монголын төмрийн хүдрийн салбарын томоохон компаниудын нэг “Болд Төмөр Ерөө Гол” ХХК үүсэн байгуулагдаад 10 жилийг ардаа орхижээ. Тус компани 2004 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянгол хэмээх газар хайгуулын ажлаа эхлүүлж, уурхайн цогц бүтээн байгуулалт, тэр дундаа хувийн хэвшлүүд дотроос Монголд анх удаа экспортын “Баянгол төмөр зам”-ыг байгуулсан юм.
Гэхдээ “Болд Төмөр Ерөө Гол” компани өнгөрсөн жилүүдэд эдгээр бүтээн байгуулалтыг буй болгохдоо орон нутгийнхны эсэргүүцэл, төмрийн хүдрийн үнэ ханшийн савлагаа, санхүү эдийн засгийн бэрхшээл гээд багагүй адармаатай замыг туулж ирсэн ч нөр их хөдөлмөрөөр энэ бүхнийг даван туулж ирсэн гэдгийг компанийн удирдлагууд онцолдог.
Уурхайг ашиглалтад оруулахаас өмнө дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн анхны компани гэж салбарынхан үнэлэх нь бий. Өдгөө тус компани Дархан хотоос 100 мВт-ийн хүчин чадалтай цахилгаан дамжуулах шугам татаж, жилдээ 6-7 сая тонн төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах Үйлдвэр, тэсрэх бодисын үйлдвэр болон Тоосгоны үйлдвэр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Ингэснээр зөвхөн үйлдвэр ашиглалтад ороход 300-400 хүн ажлын байраар хангагдах ажээ. Компанид 1500 гаруй хүн ажиллаж байна. Тус компанин орон нутагт л гэхэд өнөөдрийн байдлаар 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийх зэргээр сум, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байгаа юм. “Баянгол”-ын ил уурхай нь Төв, Зүүн, Баруун гэсэн гурван тогтоцтой бөгөөд одоогоор Зүүн, Баруун уулын хэсэг дээр олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж.
Уурхайн хүчин чадлын хувьд жилдээ 6 сая тонн төмрийн хүдрийг олборлохоор ТЭЗҮ-д тусгажээ. 2014 онд 4 сая тонн төмрийн хүдэр олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Уул уурхайн салбарт өөрийн гэсэн тод мөр, үүх түүхээ үлдээж яваа “Болд Төмөр Ерөө Гол” компани энэ сарын 8-нд ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх ажээ.
Г.Идэр