Хонконгийн Focus группын хөрөнгө оруулалттай “Фокус Метал Майнинг” компани Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Худагбайшинт уурхайнхаа дэргэд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр ашиглалтад орууллаа. Одоогийн байдлаар Монголд төмрийн хүдрийг зөвхөн хуурай аргаар баяжуулах үйлдвэрүүд л ажиллаж байгаа юм. Харин есдүгээр сарын 6-нд нээлтийг нь хийсэн энэхүү үйлдвэр анхны нойтон баяжуулах томоохон үйлдвэр болж байна.
Уг үйлдвэрийг Монголын “Хийт констракшн”, Хятадын “Туншин” компани болон бусад арваад туслан гүйцэтгэгч байгууллага 2012 оноос эхлэн хоёр жил орчмын хугацаанд хурдан шуурхай гүйцэтгэжээ. Үйлдвэрийг байгуулахад ойролцоогоор 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.
Үйлдвэрийн эхний шугам ашиглалтад орсноор 300 мянган тонн 66%-ийн агуулгатай төмрийн баяжмал Хятад руу экспортлох боломжтой болж буй юм. Тодруулбал, жилдээ 600 мянган тонн төмрийн хүдрийг Худагбайшинт уурхайгаас олборлон, үйлдвэрт боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох юм. Үйлдвэрт ашиглах усыг Туул голын уснаас татаж буй бөгөөд усны дахин ашиглалт 80-85%-тай байх ажээ.
Уг үйлдвэр нь 80 шинэ ажлын байр бий болгох бөгөөд тал нь монгол ажилчид, үлдсэн нь хятад ажилчид байх юм.
Үйлдвэрийн дараагийн шат ашиглалтад орсноор жилдээ нийтдээ 600 мянган тонн баяжмал үйлдвэрлэх боломжтой болох бөгөөд ирэх жил энэ ажлыг биелүүлэхээр “Фокус Метал” төлөвлөжээ.
Одоогийн байдлаар хуурай баяжмал нэг тонн нь 70 ам.доллар байгаа бол нойтон баяжмал агуулга өндөртэй учир 120-140 ам.доллар/тонн үнэтэй байгаа юм. Тэр хэрээр хуурай баяжмалын экспортыг бодвол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээсээ илүү ашиг олж, улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ нэмэгдэх юм.
Үйлдвэрийн нээлтэд Focus групп болон “Фокус Метал Майнинг” компанийн захирал, ажилтнуудаас гадна Уул уурхайн сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд, УИХ-ын гишүүд, Булган аймаг болон Бүрэгхангай сумын Засаг дарга, бусад төлөөлөгч, Хятадын Элчин сайдын яамны төлөөлөл, Хятадын банкны Монгол дахь салбарын захирал, үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцсон компаниудын төлөөлөл, орон нутгийн иргэд гээд нийтдээ 150 гаруй хүн оролцлоо.
“Фокус Метал Майнинг” компани нь
2008 онд хайгуулын ажил хийж, 2009 онд Худагбайшинт уурхайн олборлолтыг эхлүүлжээ.
Тус компани хуурай баяжуулах үйлдвэртэй байсан юм. Одоо нойтон баяжуулах
үйлдвэрээ нээж буй нь тус компанийн дараагийн шатны зорилт болох шууд
ангижруулсан төмрийн үйлдвэр байгуулахад нэг алхам ойртсон дэвшил болсныг тус
компанийн Гүйцэтгэх захирал Ц.Батсайхан хэлж байсан юм.
Б.Төгс