Б.Төгсбилэгт
“Нэг тонн баяжмал 110 доллараас лав буурахгүй”Төмрийн хүдрийн зах зээл дэх эрэлтийн 60 гаруй хувийг бүрдүүлэгч Хятад улс энэ онд төмрийн хүдрийн импортоо 6.3%-иар нэмж, 850 сая тонныг худалдаж авах төлөвтэй байгаа нь салбарынханд сайхан мэдээ. Гэвч ган бүтээгдэхүүний эрэлтийг бүрдүүлэгч гол улс орнууд болох Хятад, Энэтхэгийн эдийн засгийн өсөлт энэ оны байдлаар төдийлөн сайн биш байгаагаас үүдэн гангийн эрэлт тийм ч сайнгүй байж болзошгүй ажээ. Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн судалгааны тайлангаас үзэхэд эдгээр улсын эдийн засгийн өсөлтийн үзүүлэлт харьцангуй тогтуун байх магадлал өндөр байгааг дэвшүүлжээ. Тодруулбал 2014 онд Энэтхэгийн эдийн засгийн өсөлт 5.4-5.7%-тай байх ажээ. Тус улсын Засгийн газар энэ жил эдийн засгийн өсөлт ямар байх талаар илүү гутранги таамаглал дэвшүүлээд байна. Ган бүтээгдэхүүний судалгааны байгуулагууд хэдийгээр энэ онд харьцангуй өөдрөг буюу 120-140 ам.доллар/тонн үнийн таамаг дэвшүүлээд байсан ч төмрийн хүдрийн гол гол төслүүд хумигдаж, уг түүхий эдийн зах зээл доройтсоор тавдугаар сартай золголоо. Гэвч байдал сайжраагүй хэвээр, харин ч бүр муудаж байна. Гэхдээ эрдсийн түүхий эдийн зах зээл нь өгсөж уруудах мөчлөгийг давах нь хэвийн үзэгдэл төдийгүй богино хугацааны гэхээс илүүтэй урт хугацааны хэлбэлзэлд суурилдаг тул хэт гутранги сонголт тийм ч оновчтой бус. Энэ хандлагыг ч “төмрийн хүдэрчид” баримтлахаар шийджээ. Тэдний байр суурийг хүргэхийн өмнө зах зээлийн нөхцөл байдалтай товч танилцъя.
Төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн сарын 28-ны байдлаар Хятадын Тянжины боомт дээр 108 ам.доллар/тоннд хүрч байсан бол энэ сарын 8-нд нэг тонн 100 доллар хүрч буурав. Энэ нь 2012 оны есдүгээр сараас хойшхи хугацаан дахь хамгийн доогуур үнэлгээ болохыг хэвлэлүүд тодотгосон. Тухайн үед 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ нэг тонн нь 87 доллар болж буурч байжээ. Одоогийн зах зээлийн тогтворгүй нөхцөлд ердөө ганцхан өдрийн дотор Хятадын боомт дээр төмрийн хүдрийн үнэ 1.3-2.2%-иар доошлох нь ердийн үзэгдэл болжээ. Ийнхүү буурах болсон шалтгаан нь Хятадын эргийн гол гол боомтууд дээр төмрийн хүдрийн нөөцийн хэмжээ дээд түвшинд хүрсэн тухай мэдээлэл цацагдсантай холбоотой. Хятад улсад он гарсаар төмрийн хүдрийн нөөцийн хэмжээ 25%-иар өсөөд буй ажээ. Одоо боомтууд дахь нөөцийн хэмжээ 110 сая орчим тонн болоод буй. Түүнчлэн нийт нөөцийн 40 гаруй хувь нь зээлийн барьцаа хэлбэрээр хадгалагдаж буйг хэлжээ. Энэ нь тооцоолж буйгаас их төмрийн хүдэр зүгээр л “зай эзлэн” нөөцлөгдөж буйг илэрхийлж буй юм. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлд ашиглагдах төмрийн баяжмалын эрэлт доогуур байгаа бөгөөд зөвхөн санхүүгийн хэрэгсэлд ашиглахаар импортлох явдал түгээмэл болжээ. Үүнтэй холбоотойгоор Хятадын банкны асуудал хариуцсан хууль сахиулагчид төмрийн хүдрийн чиглэлээр санхүүжилт авах гэж буй байгууллагуудаас авах байцаалтаа чангатгахыг банк, орон нутгийн захиргаанаас шаардах болжээ. Энэ нь төмрийн хүдрийн үнэд сөргөөр нөлөөлж эхэлжээ. Нөгөөтэйгүүр өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр хэвлэлүүдээр цацагдсан Хятадын төмрийн хүдрийн худалдаачид банкны зээлээ төлөхийн тулд төмрийн хүдрийн борлуулалтаа шуурхай хийх хэрэгтэй байгаа тухай мэдээллийг худалдаачид няцаажээ. Тодруулбал худалдаачид ойрын хугацаанд төмрийн хүдрийн үнэ буурах магадлал бага байна. Учир нь тэд төмрийн хүдрээ яаравчлан зарах шаардлага байхгүйг мэдэгджээ.
Хэдийгээр Хятадын банкууд төмрийн хүдрийн компаниудад зээл олгохдоо илүү хянамгай хандах болсон ч зээлээ буцааж төлөхийг шаардсан тулгалтаа хараахан эхлээгүй болохыг салбарын төлөөлөл мөн эерүүлэн мэдэгджээ.
Өмнөх дөрөвдүгээр сард Хятад улс 83.39 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24%-иар өсч, сарын импортын дээд үзүүлэлтийн хоёрдугаарт бичигджээ. Их хэмжээний импортын ард үнэндээ бодит эрэлт үгүй нь ийнхүү төмрийн баяжмалын дэлхийн зах зээл дэх үнэ буурах гол шалтгаануудын нэг болж байна. Он гарсаар төмрийн хүдэр/баяжмалын үнэ 23%-иар буурчээ.
Эдийн засгийн бууралт гинжин урвалаар гангийн эрэлтийг бүрдүүлэгч салбаруудад шууд нөлөөлж буй нь ихээхэн санаа зовоосон асуудал болж буй билээ. Тодруулбал дэлхийн эдийн засаг сайнгүй байгаа нь гангийн эрэлтийн 60 хувийг бүрдүүлдэг барилгын салбарт, мөн гангийн нийт эрэлтийн 15 хувийг бүрдүүлдэг автомашин үйлдвэрлэлийн салбарт муугаар нөлөөлж буй ажээ.
Энэ оны эхний улирлын байдлаар Хятад улсад шинэ орон сууцны худалдаа 7.7 хувиар, шинэ орон сууцны барилгын ажил 25 хувиар тус тус буурав.
Тус улсын хувьд барилгын салбар нь эдийн засгийн гол бүрэлдэхүүн хэсэг болдог төдийгүй нийт гангийн эрэлтийн 47 хувийг бүрдүүлдэг ажээ.
Төмрийн хүдрийн үнийг бууруулж буй бас нэг хүчин зүйл нь хурдацтайгаар тэлж буй нийлүүлэлт ажээ. “Рио Тинто”, “Fortescue Metals”, “BHP Billiton” Австралийн Пилбарагийн олборлолтоо 170 сая тонноор энэ онд нэмэгдүүлэх бол “Вале” одоогийн олборлолтоо 2018 он гэхэд 100 саяар өсгөж, 400 сая тоннд хүргэхээр зорьжээ.
Дэлхийн гангийн үйлдвэрлэл 2.7 хувиар өсчээЭнэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.7 хувиар өссөн дүн. Харин энэ оны эхний гурван сарын дүнгээр Азийн улс орнууд 274 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оныхоос 2.6%-иар өссөн дүн юм. Түүнчлэн Европын холбоо 43.8 сая тонныг үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оныхоос 6.7 хувиар өссөн дүнтэй гарчээ. Хойд Америк 29.9 сая тонныг бүтээсэн нь 0.8%-ийн өсөлт болжээ. Хамтын нөхөрлөлийн орнуудынх ( Армен, Казахстан, Молдав, Орос,Узбекистан, Украин) 26.3 сая тонн дүнтэй гарсан нь 2.8%-иар буурсан үзүүлэлт юм.
Хятадын гангийн үйлдвэрлэл гуравдугаар сард 70.3 сая тонн байсан нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 2.2%-иар өссөн дүн ажээ. Япон 9.7 сая тонн бүтээгдэхүүний гарцтай байсан нь 2.9%-ийн өсөлттэй дүн юм. Өмнөд Солонгосын хувьд ч мөн өсөлттэй байж, 6.1 сая тонн ган үйлдвэрлэж, өмнөх оны үзүүлэлтийг 8%-иар ахиулжээ.
Европын холбооны улсуудын тухайд Туркийн гангийн үйлдвэрлэл буурсныг эс тооцвол Герман, Итали, Франц, Испанийн бүтээмж бүгд нэмэгдлээ.
Оросын тухайд 6 сая тонн ган үйлдвэрлэж өмнөх оны үзүүлэлтээ 1.3%-иар дээшлүүлсэн бол Украин 2.7 сая тонн ган үйлдвэрлэсэн нь 7.7%-ийн бууралттай гарчээ.
Дэлхийн хамгийн том эдийн засаг АНУ өнгөрсөн гуравдугаар сард 7.4 сая тонн ган үйлдвэрлэж, жилийн өмнөх дүнг 0.9%-иар нэмэгдүүлжээ.
Ерөнхийдөө 65 оронд төмрийн хүдрийн үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалт 79%-тай гарчээ. Энэ үзүүлэлт нь өмнөх оныхоос 0.4%-иар доогуур байсан юм. Харин өмнөх хоёрдугаар сартай харьцуулахад 1.4%-иар өндөр байжээ.
Төмрийн баяжмалын үйлдвэрлэл, худалдааны гол тоглогчид “ирээдүйдээ өөдрөг” байнаТөмрийн хүдрийн экспортын тэргүүлэх компаниудын удирдлагууд зах зээлийн талаар харьцангуй өөдрөг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
Рио Тинтогийн Төмрийн хүдрийн хэсгийн Гүйцэтгэх захирал Эндрью Хардин:Яг одоогийн байдлаар төмрийн хүдрийн үнэ буурч байгаа тухай өгүүлсэн маш олон мэдээлэл гарч байна. Нөхцөл байдал эсрэгээр эргэж байгаа тухайд би анхаарал хандуулахгүй байна. Төмрийн хүдрийн үнэ өсөх үед надад сайхан санагддаг. Буурах үед надад таатай байдаггүй. Гэхдээ бодит байдал дээр би үүнд үнэндээ анхаарал хандуулахгүй байгаа. Учир нь асуудал бол урт хугацааны хүчин зүйл юм.
“Вале”-ийн Төмөрлөг болон Стратегийн асуудал хариуцсан захирал JOSE CARLOS MARTINS: Бид оны хоёрдугаар хагаст эхний хагасаас хавьгүй илүү байна гэж бодож байна. Итгэлтэй хэлэх зүйл байхгүй ч гэлээ төмрийн хүдрийн үнэ урт хугацаандаа 110 доллараас доош буурахгүй.
“Atlas Iron”-ийн Ерөнхий захирал KEN BRINSDEN: Тогтвортой өсөлт бүхий гангийн үйлдвэрлэл Хятадад өрнөж байна. Тиймээс гадаад зах зээлээс хүдэр импортлох Хятадын эрэлт хэвээр хадгалаглагдах болно. Хятадын зах зээл өндөр зардалтай дотоодын үйлдвэрлэл дээр түшиглэсэн хэвээр байна. Үүнийг импортоор тэнцвэржүүлэх хэрэгтэй.
Тэрбээр төмрийн хүдрийн зах зээл богино хугацаанд хавьгүй сайжирна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд ойрын хэдэн жилд төмрийн хүдрийн үнэ 110-130 ам.долларт хэлбэлзэнэ гэж үзэж байна.
Хятад хуучирсан үйлдвэрүүдээ хааж байнаХятадын Засгийн газар гангийн хэт хуучирсан үйлдвэрүүдийг хүчээр албадан хаалгаж байгаа нь ган бүтээхэд гол үүрэгтэй хоёр түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ буурах бас нэг хүчин зүйл болж байгааг шинжээчид онцолж буй юм. Энэ онд тус улс нийтдээ 28.7 сая тоннын хүчин чадал бүхий гангийн үйлдвэрүүдийг хаахаар төлөвлөжээ. Үүнд мөн цемент, хөнгөн цагаан, зэсийн үйлдвэрүүд ч багтжээ. Тухайлбал цементийн хуучин технологи бүхий үйлдвэрлэлийг 50 сая тонн, хөнгөн цагааныхыг 420 мянган тонн, зэсийнхийг 512 мянган тонноор танахаар энэ жилийн төлөвлөгөөнд тусгажээ. Бусад үйлдвэрийг мөн технологио шинэчлэхийг шаардаж буй нь агаарын бохирдолтой холбоотой төдийгүй зах зээл дэх нийлүүлэлтийн илүүдлийг арилгаж, бизнесийн ашигтай ажиллах орчныг дэмжих зорилготой ажээ.
Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш энэ явдлыг өөрт ашигтайгаар ийн тайлбарласан бөгөөд “Хятад хуучирсан үйлдвэрүүдээ хааж буй нь тус улсын гангийн үйлдвэрүүдэд илүү өндөр агуулгатай төмрийн хүдэр үйлдвэрлэдэг Австрали зэрэг улсын бүтээгдэхүүн нэмж хэрэгтэй болно” гэжээ.
Ийнхүү гангийн зарим үйлдвэрийг хааж буй ч Хятадын нийт ган үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оныхоос 3.8%-иар өсч 810 сая тоннд хүрэх тухай тус улсын Металлургийн аж үйлдвэрийн төлөвлөлт, судалгааны хүрээлэнгээс гаргасан билээ.
Нөгөөтэйгүүр, Хятадын Засгийн газар энэ онд төмөр замын бүтээн байгуулалтад угтаа 630 тэрбум юань төсөвлөөд байсан ч үүнийгээ хоёр ч удаа өсгөн 800 тэрбум юаньд хүргэж буй тухай “China Railway Corporation” өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдсэн. Энэ бол эдийн засгийн бууралтаас хамгаалах арга хэрэгслийн нэг. Уг шийдвэр нь ган үйлдвэрлэлд гол үүрэгтэй оролцдог төмрийн хүдэр/баяжмал, коксжих нүүрсний зах зээлд эерэг мэдээлэл болох нь дамжиггүй юм. Гэхдээ төмрийн хүдэр болон коксжих нүүрсний зах зээлд байдал дээрдсэн зүйл 5 дугаар сарын эхээр ажиглагдахгүй л байна. Ийм шийдвэрийн нөлөө тэр даруйдаа мэдрэгдэхгүйг шинжээчид тодотгодог нь ч учиртай. Коксжих нүүрсний хувьд энэ сарын эхний байдлаар Австралийн боомт дээрх FOB нөхцөлтэй үнэ нь 115 ам.доллар/тонн байгаа бол Хятадын эрэг дээр хүргэх CFR нөхцөлтэй үнэ нь 124 доллар/тонн болжээ.
Өөрөөр хэлбэл, коксжих нүүрсний үнэ оны эхэн үеийнхээс тонн тутамд 20 орчим доллараар буугаад одоо ялимгүй өсчээ. Энэхүү өсөлт нь Хятадад коксын зах зээл эргээд сайжирна гэсэн таамагтай холбоотой ч, энэ нь хангалттай сэргэлт авчрахгүй нь тодорхой байна. Энэ жилийн хувьд дэлхийн зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлтийн илүүдэл 10 сая тонн буюу эрэлтээсээ 3.5%-иар давах төлөвтэй байна. Одоогийн байдлаар коксжих нүүрсний дэлхийн зах зээл буюу далайн тээврээр худалдаалагддаг хэмжээ 320 сая тоннд эргэлдэж байна.
Эсрэг алхамДэлхийн төмрийн хүдрийн зах зээлд 1.2 тэрбум тонн бүтээгдэхүүн эргэлдэж буй ажээ. “Goldman Sachs” болон “UBS”-ийн таамаглаж буйгаар ирэх жил төмрийн хүдрийн зах зээл дэх нийлүүлэлтийн илүүдэл 250 сая тонн буюу 21%-д хүрэх төлөвтэй байгааг тэд судалгааны тайландаа өгүүлжээ. Төмрийн хүдрийн зах зээлд гол тоглогчид болох “Рио Тинто”, “Вале”, “Fortescue Metals”, “BHP Billiton” зэрэг компани нийлүүлэлтээ үлэмж хэмжээгээр өсгөх “эрчимтэй” ажлын төлөвлөгөө ийм үр дүн авчирч буйг судалгааны байгууллагууд тайлбарлаж буй юм.
Энэ зуур нөхцөл байдлыг компаниуд өөрөөр харж буй гэлтэй. “Вале”, “Fortescue Metals”-ийн удирдлага бага зардал бүхий олборлолтоо зоригтой нэмэгдүүлснээр Хятадын дотоодын олборлолтын зардал өсч, хүдрийн агуулгын хэмжээ буурч буй тохиромжтой цаг үед зах зээлийг эзлэх боломжтойг тэмдэглэж буй юм. Тэд түүхий эдийн зах зээл энэ мөчид уналтад орсон байгааг хүлээн зөвшөөрч буй ч урт хугацаандаа тогтвортой, өөдрөг гэдэгт итгэлтэй хэвээр байна. Тиймээс олборлолтоо бууруулах нь зайлшгүй гэж огт харахгүй байгаа бололтой. Ийнхүү зах зээл сул байгаа ч “төмрийн хүдэрчид” хүчтэй далайн шуурганд түүнийг үл ажран эрдэнэсийн арал руу тэмүүлэх далайчид лугаа адил авирлаж байна. Коксжих нүүрсний үнийг оргил дээд хэмжээнээс нь буулгахад нийлүүлэлтийн илүүдэл 7%-д хүрсэн нь л хангалттай байсныг судалгааны байгууллагууд тэмдэглэдэг.
Харин төмрийн хүдрийн тухайд энэхүү илүүдэл хэмжээ нь коксжих нүүрстэй харьцуулахад хэтэрхий өндөр болжээ. Ийм нөхцөлд урт хугацаандаа зах зээл сайжирна гэдэг нь хэтэрхий эргэлзээтэй байгаа ажээ. Онолын дагуу бол зах зээл дорвитой сэргэхгүй нь тодорхой. Харин бодит өрнөл хэрхэх нь нууцлаг хэвээр үлдэв.