Азийн худалдааг дэмжих форумын /Asian Trade Promotion Forum/ тэргүүнүүдийн XXVII ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганыг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим зохион байгуулж байгаа бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээж үг хэлсэн юм.
Энэ удаагийн хуралдаан нь “Худалдааг хөнгөвчлөх, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон “Ногоон бизнес”-ийг дэмжин хөгжүүлэхэд Худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг, оролцоо” сэдвийн дор болж байна.
Хуралдаанд 19 орны 50 гаруй төлөөлөгч, мөн Олон улсын худалдааны төвийн төлөөлөгч урилгаар оролцож байгаа юм.
Азийн худалдааг дэмжих форум нь 1987 онд таван гишүүнтэйгээр харилцан мэдээлэл солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бүс нутгийн худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор байгуулагджээ.
Өнөөгийн байдлаар, Азийн 24 орны худалдааг дэмжих байгууллагыг эгнээндээ нэгтгэж, жил бүр Тэргүүнүүдийн уулзалтыг зохион байгуулж, худалдааг дэмжих байгууллагуудын өмнө тулгарч байгаа асуудлууд, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийн үр дүн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцдог уламжлалтай. Уг чуулган одоогоос 19 жилийн өмнө Улаанбаатар хотноо зохиогдож байжээ.
Энэ удаагийн чуулганд ЖЕТРО-ийн Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал, хатагтай Акико Накагава, Тайванийн Дэлхийн худалдааны төвийн менежер Лай Хуан-Лин, Олон улсын худалдааны төвийн худалдааг дэмжих институтуудыг хөгжүүлэх ахлах мэргэжилтэн Хосе Прунелло, МУХАҮТ-ын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
Г.Идэр