Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзлаа

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалт Тажикийн нийслэл Душанбе хотноо 9 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд болж байна. Арга хэмжээний эхний өдөр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон БНХАУ-ын дарга Си Зинпин нар 3 талт эхний уулзалтыг хийлээ.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтыг нээж үг хэлсэн байна. Тэрээр Монгол, ОХУ, БНХАУ нөхөрлөл, хамтын ажиллагаагаа илүү нягт харилцаагаар хөгжүүлж байгааг өндрөөр үнэлдгээ онцолжээ. Дэд бүтцийн салбарт чиглэх хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэдэгт найдаж, Монгол улс бүс нутгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохын тулд АПЭК-ийн гишүүнээр элсэх сонирхолтой болохоо илэрхийлсэн байна.

БНХАУ-ын дарга Си Зинпин Монгол, Орос нь сайн хөрш, түншүүд бөгөөд олон улсын өнөөгийн тогтворгүй, хүнд нөхцөл байдалд 3 хөрш улс хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх, ашиг сонирхооо нэгтгэхэд энэхүү уулзалт бат бэх үндэс тавьж буйг онцлов. Тэрээр “Гурван улсын стратегийн хөгжлийн чиг үндсэндээ нэгдэн тохирч байгаа. БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг байгуулах, ОХУ-ын Евразийг холбосон транзит тээврийн зам болоод Монгол улсын “Талын зам” төслүүдийг нэгтгэн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорыг байгуулж, бүхий л салбарт хамтран хөгжих боломжтой” гэсэн байна.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уулзалтын үеэр хөрш 3 улс хөгжлийн төлөвлөгөөгөө нэгтэн, эрчим хүч, эрдэс баялаг, зам тээврийн дэд бүтцийн салбар урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй гэв.

Э.Од