АНУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Америкийн худалдааны танхимаас /Ам Чам-Монгол/ хамтран зохион байгуулж буй “Америкийн өдрүүд” үзэсгэлэн өнөөдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд нээлтээ хийлээ.
Хоёр өдөр үргэлжлэх уг арга хэмжээний нээлтэд АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл, Монгол дахь Америкийн худалдааны танхимын ТУЗ-ийн дарга Жаксон Кокс, УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нар оролцож, тууз хайчилсан юм.
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Америкийн хөрөнгө оруулалттай 40 гаруй компани үзэсгэлэнд оролцож буй бөгөөд Америкийн брэнд бараа бүтээгдэхүүнийг дангаараа сурталчлан таниулж, хэрэглэгчдэдээ хүргэх зорилготой анхны арга хэмжээ гэдгээрээ онцлог болохыг “Ам Чам-Монгол”-ын Гүйцэтгэх захирал Г.Түвшинзаяа онцолж байлаа.
Монгол дахь Америкийн худалдааны танхим нь Америк, Монголын хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монгол руу татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Дэлхийд нэр хүндтэй Hogan Lovells, Peabody Energy, NTR Metals Mongolia, Fluor, Wagner Asia зэрэг нэр хүндтэй томоохон компаниуд тус байгууллагын гишүүн аж.
Г.Идэр