Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Америкийн хөрөнгө оруулагчид Тавантолгойн төсөлд оролцох сонирхол өндөр байна

1990 оноос Монголд Америкийн хөрөнгө оруулалтын тодорхой орон зайг бий болгосон Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн 17 дахь чуулга уулзалт өнөөдөр Туушин зочид буудалд эхэллээ. Үдээс өмнөх хуралдаанд Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,  Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд асан Д.Цогтбаатар нар Монголын хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчны талаар байр сууриа илэрхийлсэн юм.

“Бид хаанаас хаа хүртэл явах вэ“  сэдвийн хүрээнд өрнөсөн хуралдаанд  Хаан банкны гүйцэтгэх захирал асан, өдгөө Монгол дахь Америк их сургуулийн ТУЗ-ын дарга Петр Морроу, Сант марал судалгааны төвийн захирал Л.Сумати нар  хөрөнгө оруулагчдад   тодорхой мэдээлэл ойлголт өгч байв. Тухайлбал, Петр Морроу “Сүүлийн хоёр жилд Монголын хөрөнгө оруулалт эрс саатсан.  Энэ бол  тодорхой сургамж авах хугацаа. Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордуудтай холбоотой асуудал шийдэгдвэл хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх байх” хэмээн ярьлаа. Тавантолгойн төмөр замын асуудал  шийдэгдвэл Америк, Хятадын хөрөнгө оруулагчид уг төсөлд хамтран оролцох сонирхол өндөр байгааг Петр Морроу мөн дуулгасан.

Сант марал судалгааны төвийн захирал Л.Сумати “В.Путины хувьд Монголд таван жилд нэг удаа айлчлах ёстой гэдгээрээ ирсэн гэж би ойлгож  байна. Харин Хятадын Ерөнхийлөгчийн айлчлал өндөр хэмжээнд бэлтгэгдсэн.Эдийн засагт том ач холбогдолтой айлчлал болж чадсан. Айлчлалын хүрээнд яригдсан асуудлууд удахгүй ажил болж эхлэх байх” гэсэн юм. Д.Цогтбаатар сайд “Засгийн газар ардчилсан Монголын түүхэнд анх удаа эрдэс баялгийн үндсэрхэг үзлээс анх удаа татгалзах хандлагатай байна. Засгийн газар манлайллыг гартаа авах ёстой. Даган баясагчидтай биш бодит манлайллыг бүтээх хэрэгтэй” хэмээн тодотголоо.

Уг чуулга уулзалтад оролцогчид  Монголд хөрөнгө оруулах боломж хэр байгаа, сонгууль ойртож байгаа болохоор урьдынх шиг эрсдэл, саатал гарахгүй биз гэх зэрэг  болгоомжилсон асуултуудыг  тавьж байсан юм. Чуулга уулзалт маргааш үргэлжлэх бөгөөд Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын талаар түлхүү хөндөн ярилцах юм.

Г.Идэр