Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Сэм Уолш: Glencore-ийн саналыг хүлээж авахгүй

Өнгөрсөн 7 дугаар сард дэлхийн уул уурхайн хоёр дахь үлэмж компани “Рио Тинто”-той нэгдэх саналаа Glencore зоригтой гэгч нь тавьсан. “Рио Тинто” үүний хариуд шуудхан л үгүй гэсэн. Гэсэн ч өнгөрсөн сарын сүүлээр “Рио Тинто”, Glencore-той нэгдэх нь бараг л зайлшгүй гэсэн санааг JP Morgan Chase&Co байгууллагад ажиллаж байсан Ян Ханнам гэх эрхэм дэвшүүлснээр ойрын хугацаанд хоёр том компани нэгдэх нь гэсэн шуугиан дэгдэв.  

Харин үүнд өгсөн хариултаа өнгөрсөн баасан гаригт “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш Bloomberg-т мэдээлжээ. Тэрбээр Glencore-той нэгдэх саналыг “Рио Тинто” групп зөвшөөрөхгүй болохыг тайлбарлажээ.

Тус компанийн хувьд хэдийгээр зах зээлд төмрийн хүдрийн үнэ энэ онд 50 орчим хувиар буураад байгаа ч ирэх онд хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашгийн хэмжээгээ нэмэгдүүлнэ гэдгээ албан ёсоор зарлаад байгаа юм. Ойрын 5 жилийн хугацаанд тус компани илүү их ашиг орлогыг хувьцаа эзэмшигчдэдээ тогтвортойгоор олгохыг Сэм Уолш өнгөрсөн пүрэв гаригт мэдээлжээ. Ирэх оны 2 дугаар сард хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашгийг бодитойгоор нэмэгдүүлэх тухай мэдээлэл цацагдмагц тус компанийн нэгж хувьцааны үнэлгээ Лондоны хөрөнгийн бирж дээр 1.6%-иар өсч, 3061 пенс болжээ.

Тэрбээр утсаар хийсэн тайлбартаа дээрх төлөвлөгөөний дагуу ажиллахаа хэлжээ. “Манай компани болон хувьцаа эзэмшигчдийн маань хувьд хамгийн сайн зүйл бол бид хийнэ гэснээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх явдал юм. Би маш тодорхой байр суурийг баримталж ирсэн. Би хувьцаа эзэмшигчдэдээ ашиг орлогыг амласан” гэжээ.

“Рио Тинто”-гийн хувьд төмрийн хүдрийн салбараас нийт орлогынхоо 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Энэ жил төмрийн хүдрийн үнэ зах зээлд огцом буурсан далимаар “Рио Тинто”-г Glencore өөртөө нэгтгэж магадгүй гэсэн таамаглал илүү өндөр болоод байсан юм. Гэвч энэ бүхэнд Сэм Уолш тодорхой хариулт болохуйц мэдээллийг ийнхүү өгчээ. Нөгөөтэйгүүр, тэрбээр төмрийн хүдрийн зах зээлийн уналт тохиож буй ч компанийн цаашдын санхүүгийн төлөвт өөдрөг бөгөөд итгэлтэй хэвээр байгаа юм. 62%-ийн төмрийн баяжмалын үнэ нэг тонн нь 70 доллар болж буугаад байгаа ч “Рио Тинто” төмрийн хүдрийн уурхайн олборлолтоо нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө өөрчлөхгүй ажээ.

Сэм Уолш зардлаа танаж, өрөө бууруулж, капиталаа нэлээд хэмжээгээр багасгах замаар санхүүгийн амлалтаа биелүүлэх ажээ. Тус компани ирэх онд 330 сая тонн, 2017 онд 350 сая тонн төмрийн хүдэр олборлохоор төлөвлөжээ.


Б.Төгс