Монголын металлургийн салбарт голлох компаниудын нэг “Бэрэн групп”-ын охин компани “Бэрэн металл” ХХК өнгөрсөн бямба гаригт Эрдэнэт хотод жилдээ 35 мянган тонн ширэм гаргах хүчин чадалтай 35 м3 багтаамжтай домен зуух бүхий ширэм хайлах үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Ширэм нь эцсийн бүтээгдэхүүн болох арматур төмөр үйлдвэрлэлийн үндсэн гол түүхий эд юм. Тус группын охин компани “Бэрэн стийл” ирэх оны 7 дугаар сард жилдээ 200 мянган тонн арматур үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ ашиглалтад оруулахаар ажиллаж байна. “Бэрэн групп” анх 2007 онд төмрийн нойтон баяжмалын үйлдвэр, 2009 онд шууд ангижруулсан төмрийн үйлдвэрээ ашиглалтад оруулж байсан юм.
Ийнхүү гангийн үйлдвэрийн эхний шат ажиллаж эхэллээ. Гангийн үйлдвэрийг нийтдээ 70 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар үйлдвэрийг барьж байгаа бөгөөд үүний 22.7 сая ам.долларыг Хөгжлийн банк бондын хөрөнгөөр санхүүжүүлж буй ажээ.
“Бэрэн металл” компани ирэх онд 70 м3 багтаамжтай домен зуух хоёрыг, 35 мянган тонны хүчин чадалтай зуухыг нэгийг тус тус ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажлаа зэрэгцүүлэн хийж байна.
Монгол улсын хэмжээнд жилдээ 300 гаруй мянган тонн арматур хэрэглэж буй бөгөөд үүний дөнгөж 30%-ийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” болон бусад жижиг үйлдвэр нийлүүлж, үлдсэнийг импортолж буй юм. Манай улсын хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа юм.
“Бэрэн групп”-ын үйлдвэр нь зөвхөн эх орны төмрийн хүдэр, коксжих нүүрс, шохойн чулууг ашиглан импортынхоос илүү хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэх төдийгүй Монгол ажилчдад түшиглэн үйл ажиллагаагаа явуулж буйгаараа улс орны хөгжилд давуу болохыг тус группын Ерөнхий захирал Б.Мөнхтөр хэллээ.
Үйлдвэрт хэрэглэгдэх төмрийн хүдрийг төмөр замаар тээвэрлэх бөгөөд Архангай аймгийн Тамирын голын бүлэг орд, Булганы Худаг байшинтын төмрийн орд, Дархан-Уул аймгийн Төмөртолгойн орд, Сэлэнгийн Төмөртэй, Баянголын орд, Хэнтийн Баргилтын ордоос түүхий эдээ татах юм байна.
Б. Төгс