“Turquoise Hill Resources” компани “Southgobi Resources”
компанид эзэмшдэг 56%-ийн хувьцааныхаа
тал хувийг Хонконгийн “National
United Resources” (NUR)
компанид худалдах гэрээг өнгөрсөн долдугаар сард хийж байсан билээ. Энэ нь
“Southgobi Resources” компанийн нийт
хувьцааны 29.95%-ийг
эзэлж байсан юм. Уг гэрээ өнгөрсөн 11 дүгээр сарын 30-нд эцэслэх байсан ч хоёр
тал гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаа өчигдөр мэдэгдлээ. Уг хэлцлийн
баталгаажих хугацаа ирэх оны 4 дүгээр сарын 30 хүртэл хойшилж байгаа юм байна. NUR-той хийж
буй хэлцлийн үнийн дүн 25.6 сая канад доллар юм. Энэ арилжааны дараа Turquoise Hill компанийн Southgobi дахь эзэмшил 22.27% болж буурах юм.
Гэхдээ “Southgobi” компани энэ сарын 1-нд мэдээлсэн хувьцааны хаалттай арилжаагаар 9 сая канад доллараар нэмэлт энгийн хувьцааг хувийн хөрөнгө оруулагч нарт 24.36 сая хувьцааг нэг бүрийг нь 0.42 канад доллараар худалдсан тул дээрх хэлцлийн нийт хувьцаанд эзлэх хэмжээ 25.65% болж буурсан юм.
“Southgobi” нэмэлт хувьцаа гаргаж олсон мөнгөөрөө “China Investment корпораци”-аас (CIC) зээлсэн мөнгөний хүүд бэлнээр төлөх ёстой 8.1 сая долларыг энэ сарын 4-нөөс өмнө барагдуулах шаардлагатай байгаа юм. CIC-ийн зээлийн хүүд бэлнээр төлөх ёстой байсан 8.1 сая долларыг барагдуулах хугацаа өнгөрсөн сарын 19-ны өдөр байсан ч талууд тохиролцон ийнхүү хугацааг сунгасан юм.
“Southgobi Resources”-ийн хувьд CIC-ээс зээлж авсан мөнгөний хүүд хувьцаагаар төлөх ёстой байсан 4 сая долларын хувьцааг өнгөрсөн сарын 21-нд шийдвэрлэжээ. Тодруулбал 7 сая 67 мянга гаруй ширхэг энгийн хувьцааг олгосноор тус компанийн хувьцааны 16.5%-ийг “атгадаг” байсан CIC эзэмшлийн хувиа 19% болгож нэмэгдүүлжээ. CIC нь “Southgobi”-д 2009 онд 500 сая доллар зээлдүүлсэн бөгөөд дараа жил нь зээлийнхээ тал хувийг тус компанийн хувьцаанд хөрвүүлэн авч байсан юм.
Зах зээлийн нөхцөл байдал сайжирч “Southgobi”-ийн нүүрсний борлуулалт нэмэгдэхээс нааш тус компанийн санхүүгийн чадавх тун хүнд хэвээр байх нь тодорхой байгаа бөгөөд он гарсаар хувьцааных нь үнэлгээ Торонтогийн хөрөнгийн бирж дээр 36%-иар буураад байгаа юм.
С.Болд