Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” АНУ-ын шилдэг компани болов

Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэрэмжит “Corporate Excellence 2014” шагналыг хүртжээ. Уг шагналыг АНУ-ын эзэмшлийн дэлхий дахинд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас тогтвортой хөгжил, хүний болон хөдөлмөрийн эрхийн анхаарал, хүрээлэн буй орчны хамгаалал зэрэг олон үзүүлэлтийг харгалзан тодруулдаг ажээ. 1999 оноос олгож эхэлсэн уг шагналыг Монголын компани анх удаа хүртэж байгаа нь энэ ажээ. Энэ жил дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа 39 компани нэр дэвшсэнээс Никарагуа улс дахь “Эко Планет Бамбүү групп”, Филиппин улс дахь “Кока Кола” компани шалгарсан байна.

Шагнал гардуулах ажиллагаа өнөөдөр “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн төв байранд боллоо. АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмбэлл “Corporate Excellence 2014” шагналыг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн Гүйцэтгэх захирал Стив Поттерт гардуулж өгсөн юм. Элчин сайд Пайпер Энн Уинд Кэмбэлл шагнал гардуулах үеэр “Вагнер Ази” шилдэг компани гэдгийг дэлхий даяар харлаа. Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн АНУ-ын шилдэг компаниудын нэг болсон “Вагнер Ази” компанийн хамт олонд баяр хүргэе. Хэдийгээр энэ шагнал компанид олгож байгаа ч энэ компанид ажиллаж байгаа нийт ажилчид та бүгдийн шагнал юм” гэв.

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн Гүйцэтгэх захирал Стив Поттер “Энэ жил Монгол улсын хувьд, манай компанийн хувьд хүнд жилийг ардаа орхиж байгаа үед ийм нэр хүндтэй шагналыг бидэнд өгсөн нь маш их урам зориг өгч байна. Уг шагналыг авахад гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол манай ажилчид. Та нарын хүч хөдөлмөргүйгээр бид ийм том амжилт үзүүлж чадахгүй байсан. “Вагнер Ази” компанийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирлын зүгээс та бүхэнд амжилт хүсч, баяр хүргэснийг уламжлахад таатай байна” гэсэн юм.

С.Болд-Эрдэнэ