“Вагнер
Ази тоног төхөөрөмж” компаниас санаачилсан “Miners Charity Golf
tournament” буюу “Буяны үйлсийн төлөөх уурхайчдын гольфын тэмцээн” 4 дэх
жилдээ өнгөрсөн 6 дугаар сард амжилттай зохион байгуулагдсан билээ. Тус
компанийн харилцагч уул уурхайн компаниудын оролцдог энэхүү тэмцээнээс
олсон орлогыг буяны үйлст зориулдаг онцлогтой. “Вагнер Ази тоног
төхөөрөмж” компани нь хэрэгцээ, шаардлагатай маш олон байгууллагыг
судалсны үндсэн дээр хандиваа өгдөг учиртай. Зүгээр мөнгө хандивлахаас
илүүтэй бодит зүйл болгон үлдээхийг зорьдог.
Тодруулбал, арга хэмжээг
зохион байгуулсан анхны жил хүүхдийн асрамжийн “Лотус” төвийн байрны
барилгын ажилд хандив өгч байжээ. Хоёр дахь жилд нь Улсын хүүхдийн
асрамжийн “Өнөр бүл” төвийн урлаг, уран сайхны ангийг бүрэн тохижуулсан
байна. Өнгөрсөн оны тэмцээний хандивыг Эх нялхсын төвийн Хүүхдийн эрчимт
эмчилгээний тасгийн тохижилтод зориулсан аж. Тохижилтын ажлыг “Вагнер
Ази” компанийн өөрсдийн барилгын засварын баг хийж гүйцэтгэжээ.
Энэ
жилийн хувьд “Буяны үйлсийн төлөөх уурхайчдын гольфын тэмцээн”-ий
хандивыг Үндэсний хавдар судлалын төвийн шинээр байгуулагдаж байгаа
зайны туяа эмчилгээний 2 тасгийн тохижилтод зориулсан юм. Шинээр
тохижуулсан тасгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд
“Вагнер Ази тоног төхөөрөмж” компанийн Гүйцэтгэх захирал Стив Поттер
болон Монгол улс дахь АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид оролцов.
Э.Од