Монгол улсад уул уурхай, аж үйлдвэрийн салбар хөгжих суурь тавигдаж буй өнөө цагт хөрөнгө оруулалт босгоход төслийн судалгааны ажил нь олон улсын стандартын түвшинд бэлтгэгдсэн байх шаардлага зүй ёсоор тулгарч буй. Энэ ажилд туслах үүднээс Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг (MINIS) 2011 оноос хэрэгжүүлж байгаа юм. Энэ төслийн хүрээнд Багануурын уурхайг шинэчлэх төсөл, Шүрэнгийн усан цахилгаан станц, Дархан-Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн үйлдвэр байгуулах, Нүүрс хийжүүлэх, Өмнийн говийн уурхайн болон үйлдвэрийн ус хангамжийн систем, Орхон гол дээр урсацын тохируулга бүхий хуримтлуулах сан байгуулах зэрэг чухал төсөлд инженер техникийн болон байгаль орчны судалгаа хийхэд нь туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа юм байна. Энэ дунд 300 МВт-ын хүчин чадалтай Шүрэнгийн УЦС-ын төслийн инженер техникийн болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ боловсруулах ажил хамгийн урагштай байгаа юм.
Дэлхийн банкны стандартын дагуу эдгээр судалгааг хийхэд иргэд, төр, иргэний нийгэм, салбар бүрийн ТББ зэрэг бүх талын оролцоог хангаж, санал бодлыг нь харгалзах ёстой байдаг ажээ. Өнөөдөр “Дэд бүтцийн төслийн үйл явцад олон талын оролцоог хангах нь” олон нийтийн хэлэлцүүлэг болж, талууд томоохон төсөлд олон нийтийн оролцоог хэрхэн хангах талаар мэдээлэл солилцлоо. Хэлэлцүүлэгт төслийнхөн болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Дэлхийн банк, иргэний нийгэм, байгаль орчны ТББ-уудын төлөөлөл оролцлоо.
MINIS төслийн зохицуулагч Б.Энхбаатарын ярьж буйгаар, Сэлэнгэ мөрөн дээр байгуулах Шүрэнгийн УЦС-ын судалгааны ажлын хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд 350 орчим мянган ам.доллар зарцуулсан бөгөөд цаашдаа инженер, техникийн судалгаа болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг эцэслэн боловсруулах хүртэл 3 сая доллар зарцуулна гэж тооцжээ. Судалгааг Монгол улсын Засгийн газар захиалан хийлгэж буй бөгөөд Дэлхийн банк хөнгөлөлттэй зээл олгож ажиллаж байгаа юм.
Уг төслийн байгаль орчны үнэлгээний талаар санал хүсэлтийг энэ баасан гаригт болох Шүрэнгийн УЦС-ны ажлын даалгаврын талаарх хэлэлцүүлгийн дараа бичгээр хүлээн авах юм. Төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээг ирэх оны сүүлээр эцэслэн боловсруулж, олон нийтэд тайлагнах төлөвтэй байна.