Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Харанга Ресурс” компани нэмэлт хувьцаа гаргаж, 1.4 сая ам.доллар босгосноо өчигдөр мэдээллээ. Тус компани хувьцаа эзэмшигчдэдээ 3.26 ширхэг хувьцаа тутамд 1 ширхэг хувьцааг 0.018 ам.доллараар худалдан авах эрхийн бичгийг санал болгожээ. Уг эрхийн бичгийг бусдад арилжаалах боломжгүй юм.
“Харанга Ресурс” компани нийт 80,245.399 ширхэг хувьцааг нэмэлтээр худалдаж, нийт 1,444.417 ам.доллар босгохоор төлөвлөсөн. Гэсэн ч хувьцаа эзэмшигчдийн зүгээс 33.8 сая ширхэг хувьцааг худалдан авах санал ирж, 46.4 сая ширхэг хувьцаа үлдсэн байна. Уг үлдэгдэл хувьцааг андеррайтераар ажилласан “Голден Райн Холдинг Лимитед” компанийн толгой компани “Липпо групп” худалдан авчээ. Ингэснээр “Липпо групп” нь “Харанга Ресурс” дахь 19.99%-ийн эзэмшлээ 33.58% болгож нэмэгдүүлсэн байна.
Ямар ч байсан “Харанга Ресурс” нэмэлт хөрөнгө оруулалтаа амжилттай босгож чадсан байна. Босгосон хөрөнгөнийхөө 170 мянган долларыг Сэлэнгэ төслийн гидро-геологийн ажилд, 180 мянган долларыг төслийн бусад бүтээн байгуулалтад зарцуулах бол ашигт малтмалын лицензийн төлбөрт 185 мянган доллар төлөх юм байна. Мөн компанийн менежмент, удирдлага болон оффисын зардал, зөвлөх үйлчилгээнд 500 мянган доллар зарцуулна хэмээн төлөвлөжээ.
Мөн өнгөрсөн долоо хоногт тус компани “Липпо групп”-ын төлөөлөл Lukman Wijaya /Stephan Lo/-г ТУЗ-ийн гишүүнээр шинээр томилжээ. Тэрбээр “Липпо групп”-т захирлаар ажилладаг юм байна.
“Харанга Ресурс” компани нь Сэлэнгэ аймгийн нутагт Сэлэнгэ төслийг эзэмшдэг бөгөөд нийт 254 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй юм. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Ашигт малтмалын газартай “Ашиглалтын өмнөх гэрээ” байгуулж байв.
С.Болд-Эрдэнэ