Монголын уул уурхайн хөгжлийн асуудлыг хэлэлцэж, нэгдсэн шийдлийг эрэлхийлэх зорилготой “Эрдэс баялаг 2025” хурал хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү хурлын талаар “Эрдэс баялаг 2025” хурлын Ажлын хэсгийн орлогч дарга, Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүйгээс тодрууллаа.
“Эрдэс баялаг 2025” хурал энэ жил хэзээ болохоор товлогдсон бэ? Хурлын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
Эрдэс баялгийн салбарт хийж бүтээж байгаа ажил аль шатандаа хэрэгжиж байгааг, төрийн байгууллага юу бүтээх шаардлагатайг, баялаг бүтээгчид юу хүсч байгааг, улмаар үүнд нь бодлого гаргагчид хэр дэмжлэг үзүүлж байгаа вэ зэргийг хуралдаж хэлэлцдэг болоод хоёр жил болж байна.
Хоёр дахь жилдээ болох гэж буй “Эрдэс баялаг 2025” хурлын бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад, 70 хувьдаа хүрчихээд байна. Хурал ирэх сарын 13-нд болно. Үндсэн, салбар хуралдаануудад Сангийн дэд сайд, Аж үйлдвэрийн дэд сайд, МУ-ын сайд М.Энхсайхан нар илтгэл тавина. Мөн Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, мөн тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, Монголын занарын холбооны Гүйцэтгэх захирал Ч.Хашчулуун нар үндсэн илтгэл тавьж хуралд оролцоно. Монголын улсын Засгийн газраас дэмжиж байгаа бөгөөд Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүндэтгэлийн үг хэлнэ.
Өнгөрсөн онд болсон хурлаар голчлон бодлого, хууль эрх зүйн асуудлыг хэлэлцсэн. Эхний хурлаас ямар үр дүн гарсан талаар та тайлбарлахгүй юу?
Өнгөрсөн онд болсон хамгийн эхний хурлын үеийн нөхцөл байдлыг энэ хоёр дахь хурлынхтай харьцуулахааргүй юм. Учир нь нийгэм, эдийн засгийн хөгжил, өөрчлөлт хурдтай явагдаж байна. Бид бүхэн “Эрдэс баялаг 2025” хурлыг тухайн үед зохион байгуулахад салбарын эрх зүйн орчныг сайжруулъя, тогтвортой байлгая гэсэн зорилт тавьж байсан. Үндсэн зорилтоо бид бүхэн одоо бүрэн биелүүлсэн гэж үзэж болно. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг батлууллаа. Түүнийг хэрэгжүүлэхээр хууль эрх зүйн орчиндоо сайжруулах ажлыг нэлээд хийлээ. Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд, мөн Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа.
Мөн одоо Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг боловсруулаад УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна. Ингээд зарим хуулийг шинээр боловсруулж, заримыг нь сайжруулах зэрэг ажлыг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Өөрөөр хэлбэл эхний “Эрдэс баялаг 2025” хуралдаанаас гарсан томоохон үр дүн бол энэ байлаа.
Бодлогын хувьд салбарт баримтлах төрийн бодлогыг батлуулснаар гарсан олон үр дүнгийн нэг нь Бодлогын зөвлөл байгуулагдсан явдал юм. Уул уурхайн сайдын дэргэд Бодлогын зөвлөлтэй болсон. Энэ зөвлөл нь уул уурхайн салбарын эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах, бодлогын чанартай болон хууль эрх зүйн өөрчлөлт болон шинээр боловсруулах төслүүдийг юуны түрүүнд хэлэлцээд, дараа нь Засгийн газар, УИХ-д оруулдаг журам руу шилжсэн. Бодлогын зөвлөл эхний хуулийнхаа төслийг хэлэлцээд одоо УИХ-ын хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэж буй нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төсөл юм.
Эхний хурлаар хэлэлцүүлсэн олон асуудал байсны зарим нь хэрэгжсэн, үлдэх нь хэрэгжих шатандаа байгаа. Энэхүү хоёр дахь удаагийн хурлаар дээрх асуудалд тусгайлан цаг гаргасан. Манай Яамнаас ямар асуудлууд хэрэгжсэн, хэрэгжээгүй талаар илтгэл тавьж хэлэлцүүлэх болно. Энэ бол манай Яам, төрийн захиргааны байгууллагуудын ажил шинэ түвшинд шилжиж байгаагийн нэг илрэл гэж ойлгож болохоор юм.
Энэ жилийн хурлаар хэлэлцэх гол асуудал нь юу байх вэ?
Эрх зүйн орчинд болон салбарын бодлогод ямар өөрчлөлт, дэвшил гарав, тэр бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байна вэ, эргээд улс орны макро эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд хэрхэн нөлөөлж байна вэ зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн байгаль орчин, нөхөн сэргээлтийн асуудал, уул уурхайн салбарын үйлдвэрлэл явуулахад орон нутагтай ямар харилцаатай байх вэ, тэнд гарч буй зөрчлийг хамтаар шийдвэрлэх, зөв гарцыг олж урагшаа явах боломжуудыг хэлэлцүүлнэ. Орон нутагтай харилцах харилцаан дээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд болох Газрын тосны газар, Ашигт малтмалын газарт ямар хүндрэл үүсээд байна, орон нутагтаа ашигтай байдлаар хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх болно. Аймгийн Засаг дарга нар нь орон нутагт тулгараад буй асуудлыг хэлэлцүүлэн зөвлөлдөнө. Нөгөөтэйгүүр, геологи, уул уурхайн томоохон төсөл – мега төсөл болох Оюутолгой, Тавантолгой, хар төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор, занарын төсөл зэрэг олон чухал сэдвийг задалж ярилцах болно.
Энэ удаагийн хуралд төрийн байгууллагаас гадна баялаг бүтээгч, үйлдвэрлэгчид, орон нутгийн удирдлагууд, хөрөнгө оруулагчид, Элчин сайдуудаас бүрдсэн 350 орчим төлөөлөгч оролцох төлөвтэй байна.
Ямар Санамж бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөсөн байгаа вэ?
Экспортолсон бүтээгдэхүүн нь өрсөлдөх чадвар доогуур байгаа тул зах зээл дээр хямд үнэтэй борлуулагдаж байдаг. Ингэснээр компаниудын ашиг ч буурна, улсын орлого ч мөн адил буурна. Тэгэхээр “Эрдэс баялаг 2025” хурал дээр уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Үүнтэй холбоотойгоор одоо болон шинээр хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар Уриалга гаргана. Санамж бичгийн тухайд мэргэжлийн холбоодуудтай хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулахаар төлөвлөж байгаа.
Үүнээс гадна богино хугацаанд эргэлтэд оруулах зарим ордыг хөрөнгө оруулагчдад танилцуулж, тодорхой санал тавина. Нэг зүйл нэмж хэлэхэд “Эрдэс баялаг 2025 II” хурлаар уул уурхайн салбар нь хариуцлагатай, олон нийтэд ил тод, урт хугацаанд тогтвортой байхаар эрх зүйн орчин нь бүрдэж чадсан болохыг дүгнэн ярилцах юм.
Хөрөнгө оруулагчид ч гэсэн тус салбарт нөхцөл байдал нааштай болсон гэж үзээд эргэх хандлагатай болж байна. Хоёр дахь удаагийн “Эрдэс баялаг 2025” хурал дээр судалгааны байгууллагуудыг түлхүү оролцуулж, тэдгээрийн шинжлэх ухаанч саналыг өөрсдийн ажил хэрэгт тус дэм болгож ашиглах зорилготой байгааг мөн тэмдэглэх нь зүйтэй.
Б. Төгсбилэгт