Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Саусгоби ресурс” торгууль, зээлийн хүүний дарамтад оров

Өмнийн говийн “Овооттолгой” нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби сэндс” компанийн толгой компани “Саусгоби Ресурс” компанийн захирал асан Жастин Каплагийн үлэмж их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдох шүүх хурлын шийдвэрээр 35 тэрбум төгрөгийн торгуулийг тус компанид ногдуулахаар болсон. Энэ тухай “Саусгоби Ресурс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал С.Энх-Амгалан эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандах болно гэдгээ мэдэгдээд байна. Хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд гурван өдөр шүүж, өнгөрсөн баасан гаригт Жастин Капла болон тус компанийн Санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобел Ж.Дэвидэд 5 жил 10 сар, Санхүүгийн ерөнхий менежер асан Хиларион В.Кажукомд 5 жил 6 сар хорих ялыг тус тус оноохоор шийдвэрлэсэн юм.

Тус компанийн хувьд өнгөрсөн 2014 оны хувьд санхүүгийн байдлаа сайжруулж чадаагүйн зэрэгцээ энэ онд ч өр зээлийн дарамтаа “зөөлрүүлж” чадах эсэх нь тун эргэлзээтэй байгаа тухай олон улсын хэвлэлүүдээр мэдээлж байсан билээ. Гэвч үүн дээр 35 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 18 сая долларын торгуулийг Монгол улсад төлөхөөр болсноор тус компанийн санхүүгийн байдал үндсэндээ сөхрөхөд хүрч байгааг Seeking Alpha хэвлэлд өгүүлжээ.

Өнгөрсөн 1 дүгээр сарын 15-ны байдлаар тус компанийн дансанд 4.5 сая долларын бэлэн мөнгө байжээ. Дээр нь тус компани “China Investment Corp-т тавьсан зээлийн хүүнд ирэх 5 дугаар сард 10 сая долларыг төлөх ёстой. Нийтдээ 30 орчим сая долларыг ирэх 5 дугаар сар гэхэд барагдуулах ёстой болж байгаа ч энэ хэмжээний төлбөрийг тус компани нүүрсний борлуулалтын орлогоор барагдуулж чадах эсэх нь тун эргэлзээтэй юм. Учир нь нүүрсний зах зээлийн нөхцөл байдал одоо бараг алдагдалтай шахуу хэмжээнд тулж очоод байгаа билээ.

Нөгөөтэйгүүр тус компанийн 25 гаруй хувийг Turquoise Hill Resources-д мөнгө төлөн худалдан авч буй Хонконгийн биржид бүртгэлтэй NUR компани тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх магадлал ч тун бага байна. Тус компанийн 20 гаруй хувийг эзэмшиж буй Turquoise Hill Resources компани ч мөн адил богино хугацааны зээл олгох магадлал муутай юм.

Шүүхийн шийдвэрийн талаарх мэдээлэл цацагдсанаас хойш тус компанийн хувьцаа өнөөдрийн байдлаар Хонконгийн бирж дээр ойролцоогоор 8%-иар буурч, 4.14-3.80 хонконг доллар болж буурчээ.


Б.Төгс