Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Б.Бямбасайхан “Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирлын тамгаа авлаа

Өнөөдөр “Эрдэнэс Монгол” компанийн шинэ Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан үүрэгт ажлаа хүлээн авлаа. Тус компанийн хуучин захирал О.Сайнбуян түүнд тамгыг нь шилжүүлж өгсөн байна. Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал О.Сайнбуянг чөлөөлж, Б.Бямбасайханыг томилох шийдвэрийг гаргажээ.

О.Сайнбуян 2012 оны 11 дүгээр сард “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар Я.Долгоржавын оронд томилогдож байсан юм.

Б.Бямбасайхан нь “Нова Терра” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн даргын сонгуульт ажилтай. Урьд нь “Ньюком” группын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан билээ. Түүний хувьд стратегийн ордуудын төрийн өмчийг эзэмшигч “Эрдэнэс Монгол” компанийн 5 дахь Гүйцэтгэх захирлаар томилогдож байгаа юм. Тус компани “Эрдэнэс Тавантолгой” ХК 100%, “Оюутолгой” ХХК-ийн 34%, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн 51%, “Шивээ Овоо” ХК-ийн 90%, “Багануур” ХК-ийн  75%-ийг эзэмшдэг Монголын хамгийн том компани юм.

Эрдэнэс Монгол” компанийн ирээдүйн стратеги нь компанийн засаглал, бүтцээ сайжруулж, Сингапурын төрийн өмчит “Темасек” компанийн загвараар хөгжиж, үндэсний томоохон корпораци болох юм. Үүний тооцоо судалгаа, бэлтгэл ажлууд хангадсан гэдгийг Гүйцэтгэх захирал асан О.Сайнбуян онцолж байсан билээ. Шинэ Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханы хувьд уг ажлыг хэрэгжүүлж, “Эрдэнэс Монгол”-ыг олон улсын түвшний томоохон корпораци болгон хөгжүүлэх үүрэг ногдож байгаа юм.


С.Болд-Эрдэнэ