Уул уурхайн яамнаас геологи, уул уурхай, газрын тосны салбарын өрсөлдөх чадвар болон ил тод байдлыг өсгөх зорилгоор “Эрдэс баялгийн салбар 2025-II” олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Энэ удаагийн хэлэлцүүлэг “Эрдэс баялаг бидний Боломж” уриан дор өрнөсөн бөгөөд “Монгол улсын эдийн засагт эрдэс баялгийн салбарын үзүүлэх нөлөө”, “Салбарын өрсөлдөх чадвар, томоохон төслүүд”, “Эрдэс баялаг 2025-I” хэлэлцүүлгийн уриалгын хэрэгжилт, Эрдэс баялаг 2025-II” хэлэлцүүлгээс гаргах уриалга гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдсэн юм.
Уул уурхайн сайд Р.Жигжид хэлэлцүүлгийн эхэнд тус салбарт хийгдсэн хууль, эрх зүйн томоохон шинэчлэлүүдийн онцолсон. Түүний илтгэснээр 1991 онд батлагдсан Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчилж, уламжлалт бус газрын тосны талаарх зохицуулалтыг анх удаа хуульчилсан байна. Өнгөрсөн онд манай улс газрын тосноос 290 тэрбум төгрөгийн орлого олжээ.
Түүнчлэн газрын тос олборлох аж ахуйн нэгжүүдтэй хийх гэрээг Засгийн газар баталж байх, газрын тосны хайгуул, олборлолт явуулах бол орон нутгийн удирдлагатай заавал гэрээ хийх зэргийг Газрын тосны тухай хуульд суулгаж өгсөнөөрөө ихээхэн дэвшилттэй болсон гэдгийг тэрээр дурьдсан юм.
Монгол улсын сайд М.Энхсайхан “Эрдэс баялгийн салбар: Супер цикл ба стратеги” илтгэлдээ “Том төслүүдийн шийдвэр зах зээлийн супер циклийн үед гарах ёстой. Бид супер цикл буюу энэ боломжийг алдсан. Бидний үед лав энэ циклийг олж харахгүй байх” гээд “Монголчууд бид том төслүүдэд хөөрөл баяслаар ханддаг. Энэ нь эргээд бидэнд цохилт болж хувирч байна хэмээн сануулж байв.
Саяхан УИХ-д өргөн барьсан Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичигт Монгол улс аж үйлдвэрийн салбартаа ямар бодлого, зарчмаар ажиллах, ямар үр дүнд хүрэхийг тодорхойлсон талаар Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баттогтох илтгэлдээ онцоллоо.
Уг бодлогын баримт бичиг нь аж үйлдвэрийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, аж үйлдвэрийн салбарын бүсийг тогтоох, стратеги төлөвлөлт хийх, тэргүүлэх чиглэлээ тогтоох гэсэн үндсэн суурь зарчим дээр тулгуурлажээ.
“Салбарын өрсөлдөх чадвар, томоохон төслүүд” хэсэгт оролцогчоор оролцсон Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар “Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг уул уурхайн Консорциумаас нь салгаж, тусад нь том компани байгуулъя гэсэн яриа гарсан.
Энэ төмөр зам уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр хүргэх зориулттай. Тэрнээс биш тусдаа компани болж ашиг олох замаар уул уурхайгаа унагаж болох уу” хэмээн ярьлаа. МУИС-ийн доктор, профессор Ч.Хашчулуун, Уул уурхайн клубын захирал М.Дагва нарын илтгэл ч оролцогчдын сонирхлыг татсан юм.
ОХУ-д хэд хэдэн зэсийн ордын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбоотойгоор 2020 он хүртэл зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ давах төлөвтэй бол нүүрсний зах зээлд Индонез, Австрали Орос улсууд томоохон тоглогчид болж гарч ирж байгааг Ч.Хашчулуун доктор онцолсон. Тэрээр илтгэлдээ мөн Монгол улс нүүрсний экспортоороо Вьетнамаас ч доогуур байна гэсэн юм.
Уул уурхайн клубын захирал М.Дагва “Уул уурхайгаа ашиглана гэхээр олон нийт надад юу наалдах вэ, орон нутаг, төсөвт орох татвар, хураамжийг дээгүүрээ хуваагаад идчихдэг, байгаль орчныг сүйтгэж, баялгийг хоосолдог” гэсэн хариултаар уул уурхайн салбарынхны амыг тагладаг. Гэтэл уул уурхайн салбарт нэг ажлын байрны ард 5-10 ажлын байр бий болгодог.
“Оюутолгой” компанид гэхэд 2011 онд нэг тэрбум долларын хөдөлгөөн ороход бусад компанид 4 тэрбум долларын хөдөлгөөн үүсгэсэн. Тиймээс уул уурхайн салбарын бусад салбарт, нийгэмд ирэх өгөөж, уул уурхайн эко системийн талаар зөв ойлголт өгөх хэрэгтэй болоод байна” гэлээ.
Г.Идэрхангай