Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компанийн Монгол дахь охин компани “Терра Энержи” Өмнөговь аймгийн “Баруун Ноён уул” коксжих нүүрсний ордод өнгөрсөн оны сүүлээр олборлолтоо эхлүүлээд байгаа билээ. Харин нүүрсний экспортоо Хятад руу Сэхээ боомтоор дамжуулан хийж эхэлсэн талаар өнгөрсөн баасан гаригт мэдээллээ.
Тус компани нь Хятадын хоёр ч компанид нүүрс нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулсан байна. Өнгөрсөн 11 дүгээр сард Ашигт малтмалын газар тус компанид 2015 онд 1.5 сая тонн, 2016 онд 2 сая тонн нүүрс экспортлох зөвшөөрөл олгосныг мэдээлж байсан юм. “Терра”-гийн нүүрсийг худалдаалах үүргийг “Noble” групп хариуцдаг.
Баруун Ноён уул ордын хувьд нийтдээ 70.4 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд батлагдсан нөөц нь 19 сая тонн юм.
Энэхүү мэдээлэл цацагдсан өдөр тус компанийн хувьцаа Австралийн бирж дээр (ASX:GUF) 8.82%-иар өсч 0.037 австрали доллар болсон байна.
Б.Төгс