Засгийн газрын 299 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах, нүүрсний экспортыг дэмжих чиглэлийн хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг “Эрдэнэс Монгол” ХХК худалдан авсан билээ. Уг замыг худалдан авснаар нүүрс экспортлогч компаниудын тээврийн зардлыг бууруулах, экспортыг дэмжих чиглэлээр зам ашиглалтын үнийг 60%-иар бууруулан, км/тонн тутамд 1.5 ам.доллар болгож байсан юм. 2013 онд уг үнэ 4.2 ам доллар байжээ.
Тэгвэл “Эрдэнэс Монгол” ХХК, замын менежментийг хариуцагч "Гашуунсухайт авто зам" ХХК хамтран нүүрс тээвэрлэдэг 50 гаруй компанийг оролцуулсан зөвлөгөөнийг өнгөрсөн сард зохион байгуулсан юм. Уг зөвлөгөөнөөр дээрх үнийг бууруулах, төлбөрийн нөхцөлийг уян хатан болгох боломжийн талаар хэлэлцээд үнийг дахин бууруулж, 1.25 ам.доллар болгох шийдвэр гаргасан байна. Энэ нь нүүрсний тээврийн компаниудын үйл ажиллагаанд бодитой дэмжлэг болж, машин тутамд 34.580 төгрөг хэмнэх боломжийг олгож байгаа хэмээн “Эрдэнэс Монгол” компаниас мэдээллээ.
С.Болд-Эрдэнэ