Рио Тинто компанийг Гленкор компани худалдаж авч болзошгүй гэсэн таамаглал хэвлэлээр нэлээд хүчтэй өрнөсөн билээ. Рио Тинтог худалдаж авах тухай Гленкорын саналд өнгөрсөн 8 дугаар сард Рио татгалзсан хариу өгсөн. Гленкорын захирал Айвэн Гласенбэргийн тухайд дахин “дайралт” хийж магадгүй гэсэн таамаглал шинжээчдийн дунд байгаа юм. Их Британийн хуулиар ирэх дөрөвдүгээр сар хүртэл тус компани Рио Тинтод санал тавих асуудал хаалттай байгаа юм.
Гэхдээ энэ талаар Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш өнгөрсөн сарын 22-нд тайлбар өгчээ. Тэрбээр “Хоёр компани нэгдэх зүйл хэзээ ч болохгүй. Учир нь хувьцаа эзэмшигчдэд ямар ч ашиггүйгээс гадна төрийн байгууллагууд үүнийг зөвшөөрөхгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл хоёр компани нэгдэх нь ашгийн хувьд ч боломжгүйгээс гадна монополийн эсрэг байгууллагууд хоёр компанийг нэгдэхийг зөвшөөрөхгүй нь бараг тодорхой ажээ.
2008 онд BHP Billiton компанийн Рио Тинтог худалдаж авах тухай саналыг монополийн эсрэг байгууллага зөвшөөрөөгүй учраас хэлцэл бүтээгүй жишээг Сэм Уолш эш татан тайлбарлажээ. Хоёр компани нэгдэх боломжгүй талаар өмнө нь ч ноён Уолш тайлбар хийж байсан ба компаниудын үйл ажиллагааны хэв маяг өөр болохыг тэрбээр үндэслэл болгосон юм. Гленкор нь худалдааны байгууллага бөгөөд богино хугацаанд ашиг олоход бодлогоо чиглүүлэн ажилладаг бол Рио нь бага зардлаар, урт хугацаанд ашиг олох ул суурьтай уурхай хөгжүүлдэг хэмээн тэрбээр ялгааг нь онцолсон билээ.
Гленкор Рио Тинтог худалдаж авах санал дахин тавих эсэх нь магадлал муутай байгаа хэдий ч шинжээчид Айвэн Гласенбэргийн элдэв “мэхийг” дутуу үнэлэх хэрэггүй хэмээн сануулдаг.
Хэрэв хоёр компани нэгдвэл 160 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том уул уурхайн компани болж өргөжих юм.
Б. Төгс