Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Мongolia Mining” үзэсгэлэнд 15 орны 120 компани оролцоно

Уул уурхайн техник, тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлтийн томоохон үзэсгэлэн “Мongolia Mining 2015 Улаанбаатар хотноо ирэх сарын 1-3-нд  болох гэж байгаа билээ. Тус чуулганыг тав дахь жилдээ зохион байгуулж  буй  “Майнэкс Монголиа”  компанийн захирал Т.Баттулгатай ярилцлаа.

“Mongolia Mining” үзэсгэлэн тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн гол онцлог юу байх вэ?

Mongolia Mining уул уурхайн салбарынхны цуглардаг, туршлагаа солилцдог, шинэ бүтээгдэхүүн, технологио танилцуулж, бизнесийн түншээ олдог томоохон уулзалт болоод тав дахь жилээ угтаж байна. Манай үзэсгэлэн 2011 онд зохион байгуулагдаж эхэлснээсээ хойш хамрах хүрээ, оролцогчдын тоогоор жилээс жилд өсч, зохион байгуулалтын хувьд чанаржиж ирсэн. Ийм учраас өнөө жилийн гол онцлог нь цар хүрээ илүү далайцтай болж буйгаараа онцлог гэж бид харж байгаа. Үзэсгэлэнгийн үеэр уул уурхайн салбарын хэлэлцүүлгүүд, Польш, ОХУ, Англи, БНХАУ зэрэг орны оролцогчдын хамтын ажиллагааны уулзалтууд, “Катерпиллар”-ын машин механизмын шоу, операторын ур чадварын үзүүлэх тоглолт гэх мэт арга хэмжээ болно.

Энэ удаагийн үзэсгэлэн эдийн засгийн хямралтай үед тохиож байгаа нь сорилт болов уу?  Ийм нөхцөлд ямар үр дүн хүлээж байна вэ?

Статистикийн тайлан үзэхэд, Монгол улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 7.4 хувь байсан. Үүнээс үзэхэд их өндөр өсөлттэй байгаа мэт. Гэхдээ 2011 оны 17 хувийн  өсөлттэй харьцуулахад саарсан нь үнэн. Төгрөгийн ханшийн уналтыг тооцож үзвэл эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр хүндэрсэн. Гэвч өнөөдрийн уналт, маргаашийн өсөлтөөр солигдох нь дамжиггүй. Эдийн засгийн хямралд ч бас сайн тал бий. Илүү менежменттэй, чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг, хамгийн сайн бизнесийн байгууллагууд тэсч үлдэхээр барахгүй, зах зээл дээрх байр сууриа улам батжуулдаг, нэг ёсны байгалийн шалгарал шүү дээ. Эдийн засгийн хямралтай үед бууж өгөх биш харин ч идэвхтэй маркетинг явуулаад хямралыг амжилттай давж чадсан нь цаашид эдийн засгийн нөхцөл сайжрах үед зах зээлийн байр сууриа улам батжуулах болно.

“Mongolia Mining 2015” үзэсгэлэнд оролцож байгаа уул уурхайн техник технологи нийлүүлэгч компаниуд тэрхүү байгалийн шалгаралд тэсч үлдэх чадвартай шилдгүүд гэдгээ харуулж байгаа. Нөгөө талаар уул уурхайн салбарт харилцаа, хамтын ажиллагаа их чухал байдаг. Учир нь, энэ салбарын бүтээгдэхүүн, шинэ тоног төхөөрөмжийн худалдаа нь “Нарантуул” захын наймаа шиг өнөөдөр, маргаашийн арилжаагаар хязгаарлагддаггүй, олон арван жилийн туршид бэхжиж, урт хугацаанд үр дүнгээ өгдөг онцлогтой. Тийм учраас уул уурхайн бизнес эрхлэгчдийн хувьд энэ үзэсгэлэн дээр тогтоосон харилцаа нь ө0нөө жилийн төдийгүй ирээдүйн үнэ цэнтэй харилцаа болох учиртай.

Энэ удаагийн үзэсгэлэнд хэчнээн компани оролцох төлөвтэй байна вэ?

Энэ онд 15 орны 120 компани оролцоно. Үзэсгэлэн гаргаж байгаа компаниудын тэн хагас нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд байгаа. Харин үлдсэн хагас нь Австрали, АНУ, Англи, Герман, ОХУ, Польш, БНХАУ, Турк улсаас “Rubex Group, Wagner Asia Equipments, Minelab, Aumund Holding B.V., Sempertrans, Mitsubishi Materials Trading Corp., ABMEC, Greenland Enterprises, Axter International, Cummins Mongolia Investment, Тяньжиний олон улсын уул уурхайн хөрөнгийн бирж, БНПУ-ын Бээжин дахь Элчин сайдын яамны Худалдаа хөрөнгө оруулалтын хэлтэс  гэх мэт томоохон компаниуд оролцоно. Эдгээр нь бүгд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн томоохон төлөөллүүд юм.

Монголын уул уурхайг өөрийн зах зээлээ гэж харж байгаа, тэнд ирээдүйн хөгжил бий гэдгийг мэдэж байгаа бизнес эрхлэгчид дэлхийн өнцөг булан бүрээс ирж, манай уул уурхайн салбарынхантай холбоо тогтоох гэж байгаа. “Mongolia Mining 2015” үзэсгэлэнд дээрх компаниуд уул уурхай, зам барилгын хүнд машин механизм, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, цахилгаан хангамжийн тоног төхөөрөмж, өрөмдлөг, тээвэр, ложистикийн үйлчилгээ, материал, тоног төхөөрөмж, уул уурхайн кэмп, кейтерингийн үйлчилгээ гээд энэ салбарт хэрэгтэй бүх төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулна. Эдгээрийн хэрэглээ зөвхөн уул уурхайн салбараар хязгаарлагдахгүй, зам, барилга, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбарт хэрэгтэй бүтээгдэхүүн нийлүүлэгчид ч цөөнгүй оролцдог билээ.

Өмнөх үзэсгэлэнгийн үеэр уул уурхайн салбарын хэлэлцүүлэг, семинар, уулзалтууд болж байсан. Өнөө жил ч бас болох юм байна. Яг ямар сэдэв чиглэлээр хэлэлцүүлэг явагдахыг тодруулна уу?

“Mongolia Mining” бол техник технологийн үзэсгэлэн боловч нөгөө талаас уул уурхайн салбарынхан хамгийн олноор ирдэг арга хэмжээ. Тэр утгаараа уул уурхайн салбарт төрөөс барьж буй бодлого, шинэ технологийн танилцуулга, бизнесийнхэн хоорондоо холбоо тогтоох уулзалт гэх мэт уламжлалт арга хэмжээнүүд энэ үеэр болно. Жишээлбэл, Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас уул уурхайн салбарын эрхзүйн шинэчлэл үүнтэй холбтоотой эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар мэдээлэл өгнө. Мөн Тяньжиний Олон улсын уул уурхайн хөрөнгийн биржийн төлөөлөл эрдэс баялгийн спот худалдаа, хайгуулын төслийн санхүүжилт болон бусад хөрөнгө босгох боломжуудын талаар илтгэл тавина. “Вагнер Ази”-ийн Caterpillar брэндийн тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолт, Польш улсын уул уурхайн салбар, хөрөнгө оруулах боломжууд сэдвээр БНПУ-ын Элчин сайдын яамны Худалдаа, хөрөнгө оруулалтын хэлтсийн танилцуулах уулзалт болно. Мөн саяхан удирдлага нь солигдож, менежментээ шинэчлэхээр ажиллаж буй  “Эрдэнэс Монгол” компани үйл ажиллагаа, цаашдын бүтээн байгуулалтынхаа талаар мэдээлэл өгөх юм. Энэ мэтчилэн сонирхолтой хэлэлцүүлэг, ажил хэрэгч уулзалт өрнөхийг дуулгая.

Танай компанийн зүгээс уул уурхайн салбар өндөр өсөлттэй байсан 2011 оноос өнөөдрийг хүртэл уул уурхайнхан салбарынхантай хамтарч ажиллаж байна. Энэ хооронд эдийн засаг болоод улс төрийн тогтворгүй байдал уул уурхайн салбарт хэрхэн нөлөөлсөн гэж та харж байна вэ?

Улс төрийн байдал улс орны макро эдийн засгийн байдалд нөлөө үзүүлж, цаашлаад бизнестч нөлөөлдөг. Гэхдээ Монголд өнөөдөр улс төрийн тогтворгүй байдал байхгүй. Харин төрийн бодлогын тогтворгүй байдал байсан. Уул уурхайн шиг олон жилээр үр ашгаа өгдөг салбарт татвар их бага, хяналт чанга сул байх гол нь биш, бодлого тогтвортой байх нь хамгийн чухал. Гэхдээ эдийн засгийн бэрхшээлтэй байдал бизнесийнхэн төдийгүй, төр засгийн хувьд их сургамж боллоо.

Төрийн бодлого тодорхойлогч УИХ, Засгийн газрын түвшинд Хөрөнгө оруулалтын шинэ хууль батлах, салбарын хууль тогтоомжийг бизнес эрхлэгчдэд таатай болгох, хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээн олгож эхэлсэн гээд олон нааштай арга хэмжээ авч байна. Энэ бүхний үр дүн гарахад багагүй хугацаа шаардагдана. “Оюутолгой”-н хоёр дахь шатны хөрөнгө оруулалт саатсан, “Тавантолгой” төслийн олборлогчийг сонгох асуудал маргаантай, Гацууртын ордыг ашиглах асуудал эсэргүүцэлтэй тулгарсан гээд асуудлууд байна. Энэ нь уул уурхайн салбарынханд хүлээлт үүсгээд байгаа. Зөвхөн Оюутолгойн уурхай идэвхтэй бүтээн байгуулалт хийх үед уул уурхайн ханган нийлүүлэгчид төдийгүй бүхий л бизнесийн салбарт асар их эерэг нөлөө үзүүлж, эдийн засаг яаж “буцалж”  байлаа. Тийм учраас цаашид цөөхөн томоохон төсөл хэрэгжээд эхлэхэд уул уурхайн салбарт хангалттай ажил гарч ирнэ, монголчууд хангалттай ажлын байртай болно, улс орны эдийн засаг ч сэвхийтэл босоод ирнэ шүү дээ.

Mongolia Mining 2015 үзэсгэлэнгээр гадна, дотны томоохон уул уурхайн компаниудыг нэг дээвэр дор цуглуулна гэдэг амаргүй ажил болов уу?

“Mongolia Mining” үзэсгэлэнгийн гол зохион байгуулагч “Майнекс Монголиа” ХХК нь уул уурхайн хамтын ажиллагаа, зөвлөх үйлчилгээ, хөрөнгө оруулалтын зуучийн ажил эрхэлж ирсэн. Энэ үзэсгэлэнгээс гадна уул уурхайн салбарын олон улсын хамтын ажиллагааны өөр арга хэмжээнүүдийг ч зохион байгуулдаг. “Mongolia Mining” үзэсгэлэнг зохион байгуулахдаа Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай маш нягт хамтарч ажилладаг. Мөн “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компани хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Хэвлэл мэдээллийн олон байгууллагатай хамтарч ажилладаг. Олон улсын түвшинд хэд хэдэн нэр хүндтэй агентуудтай хамтарч ажилладаг. Энэ бүх хамтын ажиллагааны үр дүнд манай үзэсгэлэн олон улсын үзэсгэлэнгийн түвшинд зохион байгуулагддаг.