Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Монгол улс “Хан ресурс”-т 100 сая доллар төлнө

Дөрвөн жил үргэлжилсэн арбитрын шүүхээр “Хан ресурс” компанийн “Дорнод” ураны төслийг цуцалсныхаа төлөө Монгол улс тус компанид 100 сая ам.доллар төлөхөөр эцсийн шийдвэр гарчээ. Уг шийдвэрийг UNCITRAL буюу НҮБ-ын Олон Улсын Худалдааны Эрхийн Комиссын арбитрын дүрмээр шийдвэрлэжээ. Энэ тухай тус компани өчигдөр мэдээллээ. Уг төслийг манай улс 2009 онд цуцалж байсан юм.

“Хан ресурс” компани Монголын Засгийн газраас 354 сая доллар нэхэмжилсэн ч шүүхийн шийдвэрээр 100 сая ам.долларыг төлүүлэхээр болсон бөгөөд үүнд төсөлд зориулан гаргасан зардал, хүү зэргийг багтаажээ. 

Тус компанийн Гүйцэтгэх захирал Grant Edey хүчээр булаалгасан “Дорнод” төслийн тухайд шүүхийн шийдвэр ингэж гарсан явдалд тун их баяртай байна гэжээ.

“Ройтерс” агентлаг Монголын хувьд гадаадын хөрөнгө оруулалт буурч, нүүрсний орлого нь огцом хумигдаж, эдийн засаг нь хүндхэн байгаа үед ийм хэмжээний торгууль төлөх нь хэцүүхэн байх болно гэдгийг тэмдэглэжээ. 

Нөхөн төлбөрийг Монголын Засгийн газар болон “Монатом” компани төлөх үүрэгтэй бөгөөд хэрэв ойрын хугацаанд төлөхгүй тохиолдолд, Нью-Йоркийн конвенцийн дагуу дараагийн арга хэмжээг авах болно гэдгийг тус компанийн мэдээнд дурджээ.

Нью-Йоркийн конвенц нь 1958 онд НҮБ-ын Олон улсын бага хурлаар гаргасан “Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай конвенц” юм. Өөрөөр хэлбэл энэхүү конвенц нь арбитрын шийдвэрийн биелэлтийг хангахад чиглэдэг. Тус конвенцид Монголд улс 1994 онд нэгдэн орж байжээ. Гэхдээ Монгол улсад тус арбитрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх эрх нь тодорхой нөхцөлд нээлттэй юм.


Б.Төгс