Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Саусгоби Ресурс”-ын хувьцаа жилийн дээд үнэдээ хүрэв

Монголд нүүрсний олборлолт, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби Ресурс” компанийн хувьцааны үнэ Торонто болон Хонконгийн бирж дээр сүүлийн нэг жилийн хамгийн өндөр үнэд хүрлээ. Өнгөрсөн баасан гаригийн арилжаагаар Торонтогийн бирж дээр нэгж хувьцаа нь 1.14 канад доллар хүрч, 1.09 канад доллараар хаагджээ. Сүүлийн 5 хоногт тус компанийн хувьцааны үнэ 98%-иар өсөөд байгаа юм. Харин Хонконгийн хөрөнгийн бирж дээр баасан гаригт 8.28 хонконг долларт хүрсэн нь мөн л жилийн хамгийн өндөр үнэ юм. Нийт 16 сая гаруй ширхэг хувьцааны арилжаа өнгөрсөн 7 хоногт явагдсан нь мөн л жилийн хамгийн өндөрт тооцогдож байна. Өнөөдрийн арилжааны тухайд ханш нь бага зэрэг буурч, 6.45 орчим хонконг доллараар нэгж хувьцаа нь арилжаалагдаж байна.

Хувьцааны ханш ийнхүү 100 орчим хувиар өссөн нь өнгөрсөн 7 хоногт тус компанитай холбоотой чухал мэдээллүүд гарсантай холбоотой хэмээн шинжээчид үзэж байна. Тухайлбал, тус компанийн хуучин удирдлагуудыг уучилсан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, “Саусгоби Сэндс” компани давж заалдахаар болсон тухай мэдээлэл, тус компанийн 22%-ийг Novel Sunrise Limited компани худалдаж авсан талаарх мэдээллүүд өнгөрсөн 7 хоногт гарсан билээ.

Мөн “Саусгоби Ресурс” компанийн ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирлаар Ted Chan-ыг шинээр томилсон байна. Тэрбээр Novel Sunrise-ын Ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд Novel Group-т 20 жил ажиллаж байгаа аж.


С.Болд