“Рио Тинто” групп 2014 онд олон улсын хэмжээнд 7.1 тэрбум ам.долларын татвар төлсөн хэмээн өчигдөр гаргасан “Татвар төлөлтийн тайлан”-даа дурджээ. Уг тайланд “Рио Тинто” групп нь үйл ажиллагаа явуулж буй улс орнуудын Засгийн газарт нэг сая ам.доллараас дээш хэмжээгээр төлсөн татварын дүнгээ ийнхүү сайн дураараа мэдээлдэг уламжлалтай юм.
Өнгөрсөн онд Австралийн Засгийн
газар 5.6 тэрбум ам.доллар (6.2 тэрбум австрали доллар)-ын татвар хүлээн авсан бол
Канад 432, Чили 262, АНУ 211, Монгол улс 185, ӨАБНУ 110, Франц 106, Гвиней 67,
Сингапур 44, Их Британи 29 сая ам.доллар тус тус авсан нь “Рио Тинто”-гийн нийт
төлсөн татвар, роялти төлбөрийн дийлэнх хэсэг болж байна.
Нийт төлсөн татварын 44% буюу 3.9 тэрбум
ам.долларыг орлогын албан татвар, 25% буюу 2.2
тэрбум ам.долларыг роялтийн татвар эзэлж байгаа бол нийт татварын 77%-ийг төмрийн
хүдрийн салбарт төлжээ. Хөнгөн цагааны салбар нь 784 сая доллар, зэсийн групп
нь 850 орчим сая долларын татвар төлжээ.
Тус компанийн эзэмшдэг төслүүдээс
Австрали дахь төмрийн хүдрийн Пилбара төсөл нийт 5.3 тэрбум долларыг татварт
төлсөн нь хамгийн өндөрт тооцогдож байна. Чили дэх зэсийн Эскондида төсөл 376 сая
долларын татвар төлжээ.
“Рио Тинто” группын Санхүү эрхэлсэн
захирал Крис Линч хэлэхдээ “Рио Тинто групп үйл ажиллагаа явуулж буй улс
орныхоо эдийн засагт чухал байр суурь эзэлсээр байна. Бид татвар, роялти
төлбөр, хөрөнгө оруулалт, ажлын байр, үндэсний худалдан авалт зэрэг үйл
ажиллагаагаараа дамжуулан баялаг бүтээх, эдийн засгийг идэвхжүүлэхэд ихээхэн
хувь нэмэр оруулж байна. Бид өнгөрсөн онд олсон амжилтдаа сэтгэл хангалуун байна”
гэжээ.
С.Болд