Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Монгол улс коксжих нүүрсний экспортоор номер нэг тоглогч болж гарч ирэх үндэсний том амбийц бий

Монголын нүүрсний салбарын хөгжлийг тодорхойлох, цаашлаад дэлхийд таниулах өндөр ач холбогдолтой “Coal Mongolia” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган 5 жилийн ойтойгоо золгож буй. Энэхүү чуулганы Нарийн бичгийн дарга, “Минфо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бат-Энхтэй ярилцлаа.    
 
Юуны өмнө “Coal Mongolia” чуулганы 5 жилийн ойн мэнд хүргэе. Энэ жилийн чуулганы зорилго, чиг хандлага, онцлогийг тодорхойлохгүй юу?


“Coal Mongolia” чуулганы гол зорилго бол нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, олон улсын зах зээл дээр Монгол улсын байр суурийг батжуулах юм. Ингэснээр Монгол улсын эдийн засгийн нэг тулгуур баганыг босгож ирэх зорилготой. Чуулганы хувьд дэд хурлуудад хуваагдаж, олон сэдвүүдээр салбарын хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч, төсөл эзэмшигчид, шинжээч эрдэмтэд хуран чуулдаг. Олон улсын чуулган учир дэлхийн олон орноос төлөөлөгчид ирж оролцдог онцлогтой. Мөн чуулганы нэг онцлог нь уурхайтай танилцах аялал байдаг. Энэ нь хэд хэдэн ач холбогдолтой. Шинжлэх ухааны чиглэлийн судлаачид томоохон үйлдвэрүүд дээр очиж Монгол улс хэрхэн бүтээн байгуулж байгаатай танилцах боломжтой. Хоёрдугаарт, үйлдвэрийн үйл ажиллагааг гадны хөрөнгө оруулагчид нүдээр үзэж, бодит хөрөнгө оруулалт, ажил явагдаж байгаа үйлдвэрийн эзэдтэй танилцсанаар ирээдүйд хөрөнгө оруулагчидтай сайн хамтрагч байж чадна гэсэн итгэл үнэмшлийг харуулдаг. Үүний үр дүнд эргээд Монгол улсад томоохон хөрөнгө оруулалт орж ирдэг.

Энэхүү ойгоор чуулганы өнгөрсөн хугацааны ололт амжилт болоод ирээдүйн зорилтуудыг Та хэрхэн харж байна вэ?    

Энэ жил чуулган маань 5 жилийн ойтойгоо золгож байна. Анхны зорилтуудаа өнөөдөр эргээд харахад нүүрсний экспортын хэмжээг нэмэг-дүүлэх нь бидний нэн тэргүүний зорилго байлаа. “Coal Mongolia” чуулган бий болсноор хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадсан гэж боддог. Одоо дараагийн шатанд нүүрсээ олборлон боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг сорилтууд энэ 5 дахь жилээс эхэлж яригдах байх. Мөн чуулганы нэг зорилт нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй дэд бүтцийн асуудал байв. “Coal Mongolia” анхны чуулганыг зохион байгуулж байхад “Эрдэнэс Тавантолгой“ тусдаа авто замтай  байх уу, “Энержи Ресурс” төмөр замтай байх уу, тэдгээрийг ямар шугамаар хэрхэн барих, хэн санхүүжүүлэх вэ гэдэг асуудал маш ойлгомжгүй байв. Ингээд нүүрсний нэг бассейнд төрийн болон хувийн, орон нутгийн өмчит компаниуд өмнөд бүсэд байршин нүүрс экспортолж эхэлсэн, хоорондоо ч ихээхэн өрсөл-дөөнтэй байсан. Дэд бүтэц хөгжөөгүй учир байгаль орчны асуудал нэлээд хурцадмал болж байлаа. Үүнээс хойш 5 жилийн дараа эргээд харахад өнөөдөр Өмнөговийн Тавантолгойн бассейнд авто зам, жилийн 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай Баяжуулах үйлдвэр баригджээ. Нэгдсэн нэг борлуулалт, үйлдвэр, тээвэрлэлтийн менежмент явуулах, төрийн болон хувийн, орон нутгийн өмчит компаниуд хоорондоо өрсөлдөхгүй, харин нэгдэж дэлхийн зах зээл дээр өрсөлдөх гэсэн том зорилт энэ 5 жилийн ойгоор биелэгдэнэ гэж харж байна. Тэгэхээр 5 жилийн ойн “Coal Mongolia” чуулган нь өмнөх чуулган бүр дээр дэвшүүлэн тавьж байсан дэд бүтэц, тээвэрлэлт, боруулалтын асуудлуудыг нэгтгэн зангидаж, нэг шийдлийг гаргах Тавантолгойн консорциумын гэрээ, хэлэлцээртэй давхцаж байгаагаараа ихээхэн онцлог байх болов уу.

“Coal Mongolia” чуулганаар зөвхөн экспортын нүүрсийг нэмэгдүүлэх зорилт тавиагүй. Дотоодод хэдэн тэрбум тонноор газрын хөрсөнд ашиглалтгүй хэвтэж байгаа хүрэн нүүрсийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монгол улсын тулгамдсан маш том сорилтуудын нэг байсан. Өнөөдөр манай улсад нүүрсний ордуудад тулгуурлан хий болон дизель, бензин үйлдвэрлэх нүүрсээ хийжүүлэх, шингэрүүлэх том төслүүдийн ТЭЗҮ-ийн судалгааг хийж дуусгасан байна. Харамсалтай нь төслийн санхүүжилтийн шатны шийдвэрлэх үед дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурч байгаа нь эдгээр мега төслийг цаашид хэрэгжүүлэхэд нэлээд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байна. Тиймээс “Coal Mongolia 2015” чуулганаар яригдах ёстой нэг асуудал бол өөр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн тухай юм.

Хамгийн түрүүний гарц бол нүүрсний ордууд дээрээ эрчим хүчний станц байгуулан дотоодын хэрэглээгээ бүрэн хангаж, эскпортын бүтээгдэхүүн гаргах гэж харж байна. Энэ чиглэлийн Багануур, Шивээ-Овоо, Тавантолгой, Чандганы цахилгаан станцын олон төслүүд бий. Гэхдээ цахилгаан станцууд баригдлаа гэхэд бүтээгдэхүүнээ ямар шугамаар хэрхэн экспортлох нь нэлээд том асуудал болно. Станцууд байгуулж, хөрөнгө оруулалт татаж болно. Харин хэрхэн нэгдсэн бодлогоор Хятад, Орос руу эрчим хүч экспортлох, цахилгааны шугамын бүтээн байгуулалт, тэдгээрийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх вэ гэдэг асуудал тулгарч байна. Тодорхой компаниуд Монгол улсын экспортын чиглэлийн эрчим хүчний шугамуудыг барьж байгуулах, хөрөнгө оруулах саналуудыг илэрхийлж байгаа. Энэ асуудлыг “Coal Mongolia” чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Тавантолгойн консорциумын гэрээг Монголын Засгийн газар амжилттай хийж чадах юм бол манай нүүрсний салбар маш үсрэнгүй урагш ахина. Цаашлаад дэлхийн зах зээл дээр Монгол улс коксжих нүүрсний экспортоор номер нэг тоглогч болж гарч ирэх үндэсний том амбиц бий.

Монгол улсын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулагчдын тоо харьцангуй буурсан энэ цаг үед “Coal Mongolia 2015” чуулганд оролцох зочид төлөөлөгчдийн хандлага хэр байна вэ?  

Манай улсын уул уурхайн салбар сүүлийн 2 жил огцом уналтад орсон. Хөрөнгө оруулагчдын уул уурхайн салбар дахь сонирхол буурсан. Гэхдээ уналт нь эргээд өөр боломж олгодог гэсэн мессежийг бид хөрөнгө оруулагчдад өгч чадсан юм. Нүүрсний үнэ унаж, зарим орд ашиглагдахгүй, зарим төслүүд хэрэгжих боломжгүй болж байгаа ийм үед төслийн өөрийн үнэ хямдардаг. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарын хөгжил тодорхой мөчлөгтэй байдаг учир уналтын энэ үед орд, төслүүдийг харьцангуй хямд үнээр худалдаж авах боломж бий болдог. Тийм ч учраас жил болгоны чуулганд оролцогчдын тоо буурахгүй байгаа юм. Энэ жилийн чуулганд 800 гаруй оролцогчид оролцох төлөвтэй байна.

Гадаадын зочид төлөөлөгчид аль орноос түлхүү оролцох төлөвтэй байна вэ? Анхаарал татахуйц, сонирхолтой ямар илтгэгчид оролцох бол?  

Тавантолгойн консорциумын гэрээ-тэй холбоотойгоор Япон, БНХАУ-ын компаниуд нэлээд түлхүү оролцох сонирхолтой байна. Хэрэв Тавантолгойн бассейныг нэгдсэн нэг бодлогоор хөгжүүлэх тухай Засгийн газартай хийж байгаа консорциумын гэрээ амжилттай хэрэгжих юм бол технологи нийлүүлэх, эрчим хүчийг дамжуулах шугамын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах сонирхолтой компаниуд олон бий.  Хоёрдугаарт, консорциумын гэрээний хүлээлтээр 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх учиртай. Үүнийг санхүүжүүлэх сонирхолтой дэлхийн томоохон банкууд ч байгаа. Өнөөдрийн байдлаар мега төслийг санхүүжүүлэх сонирхлоо илэрхийлээд буй ING, “PNB Paribas” гэсэн 2 том банкны Ерөнхийлөгч “Coal Mongolia 2015” чуулганд албан ёсоор оролцож, илтгэл тавина.

Энэ жилийн “Coal Mongolia” чуулганы тов өөрчлөгдөх болсон учир шалтгаан чухам юу байв?


“Coal Mongolia” чуулган дууссаны маргааш өдрөөс дараагийн чуулганы бэлтгэл ажил эхэлдэг. Олон улсын илтгэгч нар, томоохон банк, компаниуд бараг бүтэн жилийн өмнөөс оролцох чуулганыхаа төлөвлөгөөг гаргадаг. “Coal Mongolia” чуулган нь жил бүрийн  2 дугаар сарын эхний 7 хоногт болдог байсан. Энэ цаг хугацаа нь БНХАУ-ын цагаан сартай ерөнхийдөө давхацдаг учир тус улсаас оролцох төлөөлөгчдийн тоо хязгаарлагддаг талтай. Гэтэл манай нүүрсний салбарын гол түнш бол Хятад улс байдаг. Тиймээс бид энэ жил “Coal Mongolia” чуулганыг 4 дүгээр сарын 9-10-нд зохион байгуулж байгаа ба ийн чуулганы товыг өөрчилснөөр тодорхой үр дүнгүүд ч эхний байдлаар гарч байна.

Танд баярлалаа.