Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Польш уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хамтрах сонирхолтой байна

Европын холбооны гишүүн улс болох Польш манай улстай уул уурхайн машин техник, хүнсний бүтээгдэхүүний чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа өчигдөр болсон “Польшид үйлдвэрлэв-Монголын компаниудтай хамтран ажиллах боломж” хурлын үеэр тус улсын Эдийн засгийн яамны төлөөлөл Эва Свендровска-Жианковска мэдэгдлээ. Тус улс нь нийт 11 улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаагийн дунд Монгол улс багтаж байгаа юм. Тус улсын Засгийн газар хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хөтөлбөр боловсруулсны хүрээнд дээрх хоёр чиглэлийг онцлон тусгажээ.

Өчигдөр болсон уг хуралд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Польшийн Эдийн засгийн яамны төлөөлөл болон Эва-бис, Kopex групп, Aplanalp Consulting, Tines Capital, Краков хотын ШУТИС зэрэг байгууллагын төлөөлөл оролцож илтгэл тавьсан юм.

Польш улсын хувьд чулуун нүүрс, хүрэн нүүрс олборлолт, боловсруулалт, зэс олборлолт, үйлдвэрлэлийн чиглэлээр маш өргөн туршлагатай юм. Түүнчлэн байгаль орчинд хор хөнөөлгүй аргаар уул уурхайн үйлдвэрлэл явуулах технологийн чиглэлд ихээхэн амжилт олжээ. Тус улсын хувьд уул уурхай болон хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжөө өөрсдөө үйлдвэрлэдэг бөгөөд 2013 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 530 тэрбум ам.долларт хүрсэн байна.  

Хүнсний бүтээгдэхүүний тухайд Польшийн мах, сүү сүүн бүтээгдэхүүн, үр тариа будаа, хатаасан жимс болон жимс ногоо, ундаа, өтгөрүүлсэн шүүс, нарийн боов зэрэг нь дэлхийд алдартай бөгөөд томоохон хэмжээний экспорт хийдэг байна. Жимс экспортоор Польш улс Европт эхний гуравдугаарт яваа ажээ. Тус улсын хүнсний бүтээгдэхүүн нь дэлхийд тэргүүлэх зэрэгт хүрсэн бөгөөд чанар, өрсөлдөхүйц үнэ зэргээрээ зах зээл дэх хүрээгээ тэлж байгааг хүнсний чиглэлийн Эва-бис компанийн төлөөлөл Адрианна Рудницка илтгэлдээ дурдсан юм.  

Мөн хурлын үеэр Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн 25 км төмөр замыг барьж байгуулахаар төлөвлөж буй Польшийн компани Tines Capital-ын төлөөлөл Мечисвав Вопановски Монгол улсыг хамгийн ирээдүйтэй зах зээл болохыг тэмдэглэсэн юм.

Өнгөрсөн онд Польшоос манай улс нийтдээ 35.3 сая долларын бараа импортолжээ. Харин манай улсын хувьд Польш руу 0.07 сая долларын бараа экспортолжээ.


Б.Төгс