Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн ням гаригт хийсэн мэдэгдэлдээ Оюутолгойн далд уурхайн санхүүжилтыг шийдвэрлэхэд ойрхон болсон талаар онцолсон билээ. Үүний дараа буюу даваа гаригт Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ 3.6 ам.доллар болж, 11.11%-иар өслөө. Энэ нь өнгөрсөн оны 10 дугаар сараас хойшхи сүүлийн 6 сарын хамгийн өндөр үнэ болж байгаа юм. Өнгөрсөн пүрэв гаригийн арилжаагаар тус хувьцаа 3.24 ам.долларын үнэтэй хаагдаж байв. Мөн өчигдөр нийт 10.5 сая ширхэг хувьцаа арилжаалагдсан нь өдөрт арилжаалагддаг дундаж хувьцааны тооноос 5 дахин их юм. Сүүлийн 5 өдрийн арилжаагаар тус компанийн хувьцааны үнэ 19%-иар өсөөд байна.
Үүнээс гадна Торонтогийн хөрөнгийн
бирж дээр бүртгэлтэй “Энтрее Гоулд” компанийн хувьцааны үнэ урьд шөнийн
арилжаагаар 46.1% өсч,
0.38 канад доллар болжээ. Сүүлийн 5 өдрийн арилжаагаар тус хувьцааны үнэ 80%-иар өсөөд байна.
“Энтрее Гоулд” компани нь Оюутолгойн орд дээр тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд тус
компанийн тусгай зөвшөөрлийг “Оюутолгой” ХХК-д шилжүүлэх талаар хэлэлцээр
хийгдэж байгаа юм.
С.Болд-Эрдэнэ