Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” форум болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 15-нд “Хөгжлийн төлөөх түншлэл” уриатайгаар зохион байгуулах гэж байна. 

Уг чуулга уулзалт нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд Улаанбаатар хотыг бүс нутгийн бизнесийн төв болгон хөгжүүлэх хэтийн зорилготой юм. Чуулга уулзалтад 400-500 хүн оролцох юм байна. Чуулга уулзалтын үеэр Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх стратегийг танилцуулж, түүнийг даган дэд бүтэц, амьдрах орчинг сайжруулах, гэр хорооллын барилгажилт зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг хувийн хэвшилтэй хамтран гүйцэтгэх талаар хэлэлцэх юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Өнөөдөр чөлөөт зах зээлийн эдийн засаг цохилтод орчихоод байна. Улс төрийн эрх мэдлээр дамжихгүйгээр эдийн засгийн том төсөл, бүтээн байгуулалтууд явахгүй, зогсож байна. Үүнээс хойш Улаанбаатар хот төр хувийн хэвшлийг хөгжүүлж, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах болно” гэдгээ онцолж байв.

Улаанбаатар хотын Худалдааны танхимын Удирдах зөвлөлийн гишүүн О.Амартүвшин “Энэ удаагийн форумаар бид Улаанбаатар хотод хямд эх үүсвэртэй санхүүжилт хэрхэн татах, Төр хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээ байгуулахад тулгарч байгаа хууль эрхзүй, хөрөнгө оруулалтын асуудал, Улаанбаатар хотын худалдан авалтын тухай гээд хэд хэдэн чухал асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал солилцох болно” гэлээ.

С.Болд