Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Уул уурхайн салбарт жилд дунджаар 70 орчим осол гарч байна

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах асуудалд чиглэсэн “Нэн түрүүнд ХАБ 2015” бага хурал 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. 1996 онд анх 4 дүгээр сарын 28-нийг дэлхий дахинд үйлдвэрлэлийн ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэх болсон билээ.

“Нэн түрүүнд ХАБ 2015” бага хуралд Барилга хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам болон Уул уурхайн яам хамтран зохион байгуулагчаар оролцож буйгаараа онцлогтой. Хурлын нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Уул уурхайн сайд Р.Жигжид, Уул уурхайн Дэд сайд Г.Тэмүүлэн, МУУҮА-ийн Ерөнхийлөгч Н.Алгаа, Германы GIZ төслийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн захирал Штефан Ханселмани, МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нар хүрэлцэн ирсэн юм.

“Хөдөлмөрийн статистик мэдээнээс үзэхэд уул уурхайн салбарт үйлдвэрлэлийн ослын улмаас амь насаа алдаж байгаа иргэдийн тоо дорвитой буурахгүй байгаа. Уул уурхайн салбарт жилд дунджаар 70 орчим осол гарч байна. 2014 оны жилийн эцсийн дүнгээр уул уурхайн салбар дахь ослын улмаас 10 хүн амь насаа алдсан эмгэнэлтэй тоо баримт бий. Ийм учир хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ чиглэлээр хууль тогтоомжийг илүү боловсронгуй болгох, олон улсын стандартыг нэвтрүүлэх, ялангуяа салбарын яамд хоорондын ажлын уялдааг сайжруулах талаар идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд БХБЯ-тай хамтран барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх талаар Барилга, хот байгуулалт болон Хөдөлмөрийн сайдуудын хамтарсан журам батлах ажил үндсэндээ бэлэн болоод буй.

Уул уурхайн салбар дахь ХАБЭА-н тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенци, барилгын салбарын ХАБЭА-н тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 167 дугаар конвенцийг судлах асуудлыг яамд хамтран судлах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа” тухай Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нээлтийн үгэндээ онцлон тэмдэглэж байлаа. 

Хоёр өдрийн турш үргэлжлэх “Нэн түрүүнд ХАБ 2015” бага хурлаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн шинэчлэл, хуулийн хэрэгжилт, удирдлагын тогтолцоо, стандартчилал болон олон улсын туршлага зэрэг сэдвүүдийг хамарсан нийт 27 илтгэл тавигдахаар төлөвлөгдөж буй. 

Э.Од