Нүүрсний “цэвэр” технологийг олон улсад таниулах, нэвтрүүлэх, хэрэгжүүлэх зорилготой “World Clean coal” олон улсын бага хурал Монгол улсад 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Байгаль орчинд хор хөнөөлгүй технологийг ашиглан нүүрсийг боловсруулах туршлагатай компаниуд энэхүү арга хэмжээнд чуулдаг учиртай.
Олон улсын эрчим хүчний судалгааны агентлагийн таамаглалаар ирээдүйн 20 жилд дэлхийн нүүрсний салбарт Азийн орнууд томоохон тоглогч байх хандлагатай байна. БНХАУ, Энэтхэг болон Азийн өндөр хөгжилтэй орнуудын нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдэх аж. Тухайлбал, Зүүн өмнөд Азийн нүүрсний хэрэглээ 2035 он хүртэл жилд дунджаар 4,8%-иар өсөх хандлагатай байна. Тус бүс нутагт эрчим хүчний нүүрсний хэрэглээгээр Хятад тэргүүлж, Энэтхэг улс удаалж буй. БНХАУ-ын хувьд сүүлийн жилүүдэд баримталж буй бодлогоор эрчим хүчний нүүрсний импортыг бууруулахад чиглэгдэж байгаа юм. Харин Энэтхэгт нүүрсний ордуудын зөвшөөрлийг буцаан татсанаар тус улсын эрчим хүчний хэрэгцээгээ хангахад бэрхшээлтэй болж байна. Тиймээс ойрын жилүүдэд Энэтхэг нь дэлхийн нүүрсний хамгийн том импортлогч орон болж Хятадын байр суурийг эзэлнэ гэж “Clean Coal”-ын олон улсын судлаачид үзэж байна. Мөн 2015 онд дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ дунджаар 120 ам.доллар байна гэж таамаглажээ.
Нүүрсний нөөц ихтэй Монгол улсын нийт экспортод нүүрсний салбар томоохон байр суурь эзэлдэг. Энэ салбарт ч “цэвэр” технологийг нэвтрүүлсэн төслүүдийг дэлхийн нэр хүнд бүхий компаниудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, нүүрсний давхаргын метан хийн төслүүдийн Монгол улсад хэрэгжүүлэх боломж, өнөөгийн явцын талаар “Сlean Coal” хуралаар танилцуулж байв. Мөн нүүрс боловсруулах өндөр технологийг эзэмшсэн Германы “Siemens”, “ThyssenKrupp”, Хятадын “Sinopec” зэрэг дэлхийн хэмжээний компаниуд ч өөрсдийн туршлагаас хуваалцаж байлаа. Энэ жилийн хуралын үйл ажиллагаанд гадаад, дотоодын 100 орчим төлөөлөгчид оролцож байна. “Сlean Coal” хурал нь 2 өдрийн турш үргэлжлэх юм.
Э.Од