“Шарын гол” ХК (MSE:SHG)-ийн хяналтын багцыг эзэмшигч “Могул коул холдингс” компани Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эратат лайфстайлс лимитэд” компанитай Гүйцэтгэлийн гэрээ байгуулснаа мэдэгджээ. Уг Гүйцэтгэлийн гэрээгээр “Могул коул холдингс” нь “Эратат лайфстайлс лимитед”-ийн хувьцаа эзэмшигчид болон эрх бүхий нэхэмжлэгчдэд өөрийн энгийн хувьцааг гаргаж эзэмшүүлэх, “Эратат лайфстайлс лимитед” нь Сингапурын хөрөнгийн бирж дээрх өөрийн бүртгэлийн статусыг “Могул коул холдингс”-д шилжүүлэх юм. Гүйцэтгэлийн гэрээ амжилттай хэрэгжсэнээр “Могул коул холдингс” компани Сингапурын хөрөнгийн биржийн Каталист бүртгэлийн самбарт бүртгэгдэх ба “Шарын гол” ХК нь түүний шууд бус охин компани болох юм.
Гүйцэтгэлийн гэрээ нь хэд хэдэн урьдчилсан нөхцөлүүдийг хангасан тохиолдолд бүрэн хэрэгжих бөгөөд уг гэрээ хэрэгжсэнээр үнэт цаас гаргагчийн хяналтын багц шилжихгүй бөгөөд “Файрбөрд менежмент” нь “Могул коул холдингс” компанийн хяналтын багцыг эзэмшиж байгаа тул “Шарын гол” ХК-ийн хяналтын багцад ямар нэгэн өөрчлөлт орохгүй хэвээр үлдэх ажээ. АНУ-ын Нью Йорк хотод төвтэй “Файрбөрд Менежмент” ХХК нь Монгол улсад байрлалтай нүүрсний ордууд дахь хувийг эзэмших зорилгоор “Могул коул холдингс” компанийг Сингапур улсад байгуулсан аж.
“Могул коул холдингс” компани Каталист самбарт бүртгэгдсэнээр Сингапурын хөрөнгийн биржид бүртгэгдсэн Монгол улсын уул уурхайн анхны компани болж байгаа юм. Харин “Шарын гол” ХК Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани хэвээр үлдэнэ.
“Могул коул холдингс” компани нь “Шарын гол холдингс” компаниар дамжуулан “Шарын гол” ХК-ийн 81,69%-ийг эзэмшдэг. Үүнээс гадна хэд хэдэн нүүрсний орд эзэмшдэг юм байна. Тус компанийн эзэмшдэг компаниудыг доорх зургаар үзүүллээ.
С.Болд-Эрдэнэ