2014 оны наймдугаар сарын 12-нд Тавантолгой ордын талбай дээр Монголын уул уурхайн салбарт шинэхэн хуудас нэмсэн анхны метан хийн цооногийн нээлт болж байв. Тэгвэл үүнээс яг нэг жилийн дараа, наймдугаар сарын 12-нд метан хий гаргах анхны туршилтын үйлдвэрийн нээлт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхайн сайд Р.Жигжид, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн болон “Эрдэнэс Тавантолгой”, “Элгэн” компанийн удирдлагууд, БНСУ-ын талаас “Кorea Gas Corpoation”-ийн Гүйцэтгэх захирал Ян Юнг Мюнг тэргүүтэй төлөөлөгчид үг хэлж, тууз хайчлав.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор Монголын нүүрсний хамгийн том ордын нүүрсний давхаргын метан хийн нөөцийг баталгаажуулж, үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулахаар талууд ярилцаж байгаа аж.
2012 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс “ЭТТ” компанид нүүрсний давхаргын метан хийг судлах, ашиглах даалгавар өгснөөр уг ажил төлөвлөгөө ёсоор эрчимтэй өрнөж, өнөөдрийн туршилтын үйлдвэрийг ашиглалтад оруулаад байна гэдгийг холбогдох албаны хүмүүс илэрхийлж байлаа.
2013 онд “Элгэн” компани метан хийн гурван цооног өрөмдөж, керний дээжинд лабораторын шинжилгээ хийснээр метан хийн агуулга байгааг тогтоожээ. Ингээд 2014 оны хоёрдугаар сарын 24-нд “ЭТТ”, “Элгэн”, БНСУ-ын “КОГАЗ” компаниуд хамтан ажиллах санамж бичиг байгуулж, нүүрсний давхаргын метан хийг ашиглах төслийг эхлүүлсэн юм.
Санамж бичгийн хүрээнд Тавантолгойн ордын Цанхийн урд, Бортээгийн талбайд М-01, М-05 хэмээх хоёр цооног өрөмдөж хийн агуулга, найрлагыг тогтоожээ. Энэ нь хамгийн ихдээ 93% хүртэл метаны агуулгатай аж.
Үйл ажиллагаагаа дөнгөж эхлүүлээд байгаа туршилтын үйлдвэр нь цагт 50м3 хий боловсруулах хүчин чадалтай бөгөөд олборлох хэсэг /цооног, тонголзуур/, ялгах хэсгээс /цооногоос гарсан хий, усыг ялгах сеператор болон насосууд/ бүрдэж байгаа аж.
Төслийн хүрээнд цаашид Газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, туршилтын үйлдвэрт 3-6 сарын турш судалгаа гүйцэтгэж, хийн агуулга, найрлагыг үнэн бодитой нарийвчлан тогтоох, бодит хийн даралт болон нарийвчилсан хийн агуулгад үндэслэж ордын таамаг нөөцийг илүү бодитойгоор шинэчлэн тогтоох, ТЭЗҮ боловсруулах зэрэг ажил хийгдэх юм байна.
Ордын метан хийн нөөц онолын хувьд өмнөхөөсөө 2 дахин нэмэгдэж, 51 тэрбум куб.метр хүртэл нөөцтэй болох таамаг байгаа аж. Мөн Солонгосын талаас 8,6 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийгдсэн туршилтын үйлдвэр нь нөөцийн таамгийг баталгаажуулахаас гадна хийн чанар хэрэглээнд таарах эсэхийг тодорхойлно гэдгийг холбогдох мэргэжилтнүүд тайлбарлалаа.
Г.Идэрхангай