Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Герман-Монголын бизнесийн өдрүүд болно

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялгийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран  аравдугаар сарын 13, 14-нд Шангри-Ла зочид буудалд Герман-Монголын бизнес өдрүүдийг „Made in Germany“ зохион байгуулах аж.

Герман-Монголын бизнесийн өдрүүдийг GIZ-ийн ЭТИС хөтөлбөр санаачилан тав дахь удаагаа зохион байгуулж буй юм.  Хоёр талт хамтын ажиллагааг дэмжихийн зэрэгцээ Герман Монгол улсын хооронд технологи, ноу-хауг дамжуулахад уг арга хэмжээний зорилго оршиж байгаа хэмээн зохион байгуулагчид нь ярьлаа.

Бага хурал, түүнийг дагалдах үзэсгэлэнд 50 гаруй Герман Монголын компаниуд оролцон хамгийн сүүлийн үеийн технологи, орчин үеийн удирдлагын аргуудын тухай мэдээлэл хүргэж, өөрийн түншүүдтэйгээ туршлагаа солилцох юм.

Герман-Монголын бизнесийн өдрүүдийн нээлтийн ёслол 10-р сарын 13-ны 09.00 цагт болох бөгөөд  хүндэт зочноор Монгол Улсын Их хурлын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Герхард Тийдеманн, Саарланд муж улсын Парламентын гишүүн, Байгаль орчин, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах болон Хууль зүйн сайд Райнхольд Йост нар оролцох юм байна.

Харин  14-ний нээлтийн хүндэт зочноор Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Азийн газрын хэлтсийн дарга, зөвлөх Гизела Хаммершмидт оролцох аж. Мөн энэ оны түнш орноор Холбооны Саарланд муж улс 10 гаруй компанийн төлөөлөлтэй оролцож,  хоёр өдрийн нээлтийн дараа эдийн засаг, эрдэм шинжилгээний салбарт нэр хүндтэй судлаачид илтгэл тавих ажээ. 

Үдээс хойш явагдах салбар хуралдааны хэлэлцүүлэг болон Master Class сургалтын үеэр нарийн мэргэжлийн, онцгой сэдвүүдийг танилцуулж, хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн байна.  Олон улсын “Хорват ба түншүүд” зөвлөх компанийг төлөөлж тус компанийн Ерөнхийлөгч Проф. Петер Хорват санхүүгийн удирдлага, хяналт сэдвээр ажил хэргийн уулзалт, “Технологи, мэдлэг дамжуулалт нь шинэчлэлийн хөдөлгүүр мөн” сэдвээр зохиогдох хэлэлцүүлэг, “Хүний нөөцийн удирдлага” болон “EPC гэрээ” сэдвээр төлөвлөсөн мэргэжлийн арга хэмжээнүүд чуулганы бүрэлдэхүүн хэсэгт багтаж, өнгөрсөн жилүүдийн адил өргөн хүрээний ороцогчдод сонирхолтой ярилцлага, шинэлэг мэдээлэл хүргэх ажээ.

Г.Идэр