Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар болон “Монголын алт” ХХК, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Тус гэрээнд Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогт, “Монголын алт” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир нар 2015 оны 10 дугаар сарын 13-ны энэ өдөр гарын үсэг зурлаа.
Тус гэрээ нь 2013 оны сүүлээс хэрэгжсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд байгуулагдаж буй анхны гэрээ бөгөөд Засгийн газраас хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа чухал хэлбэр юм гэж Уул уурхайн сайд Р.Жигжид онцоллоо.
Цагаан суваргын үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилд 14.6 сая тонн хүдэр боловсруулж, 310 000 тонн зэсийн, 4 000 молибдений баяжмал үйлдвэрлэнэ. Цагаан суваргын уурхайн одоогийн батлагдсан нөөцийг ил уурхай хэлбэрээр 18 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар ашиглана. Төсөлд нийт 1.031 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайгаас 344.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Үлдэгдэл 686.6 сая ам.долларыг ХБНГУ-ын болон Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас санхүүжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
Төсөл хэрэгжсэнээр улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 3.3 их наяд төгрөг буюу жилд дунджаар 185 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ. 1000 гаруй монгол иргэн ажлын байртай болно.
Дорноговь аймгийн Мандах сумын төвийн захиргааны байр, эмнэлэг, сургууль, дотуур байр, цэцэрлэг, соёлын төвийг Хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр барих ба бүс нутгийн байгаль орчны болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн байгууллага, иргэдтэй хэрхэн харилцах, хамтран ажиллах зохицуулалтыг гэрээнд тусгаж өгсөн байна. Мөн мега төслийн бүтээн байгуулалтын болон үйлдвэрлэлтийн шатанд шаардлагатай туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдээр дотоодын ААН-ийг тэргүүн ээлжинд сонгон хамтран ажиллахаар гэрээнд тусгагджээ.
Энэ өдөр байгуулагдсан хоёр дахь гэрээ нь “Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байлаа. Тус гэрээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, “МАК Цемент” ХХК-ийн захирал Б.Баттулга, “Монголын алт” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир нар гарын үсэг зурлаа.
Тус төслийн хөрөнгө оруулагч нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон клинкер үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид төслийг “Монголын алт” ХХК-ийн 100%-ийн охин компани болох “МАК Цемент” ХХК хэрэгжүүлнэ.
Төсөл хэрэгжсэнээр улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 961.9 сая ам.доллар буюу жилд дунджаар 32.1 сая ам.долларыг төвлөрүүлэх бөгөөд 480 монгол иргэдийг ажлын байраар хангах юм. Түүнчлэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 120 хүүхдийн цэцэрлэгийг хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр барих ба бүс нутгийн байгаль орчны болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн байгууллага, иргэдтэй хэрхэн харилцах, хамтран ажиллах зохицуулалтыг гэрээнд тусгаж өгсөн байна. Мөн төслийн бүтээн байгуулалтын болон үйлдвэрлэлтийн шатанд шаардлагатай туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдээр дотоодын ААН-ийг тэргүүн ээлжинд сонгон хамтран ажиллахаар гэрээнд тусгагджээ.
“2013 оны сүүлээс хэрэгжиж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар анх удаагаа үндэсний үйлдэрлэгчидтэй хийх хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ хоёр гэрээ нийтдээ 1,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдсан гэрээ юм. “Монголын алт” ХХК-ийн хийж буй болон цаашид хийх хөрөнгө оруулалт, түүний зохицуулалт нь Монгол Улсын эрх ашиг, эдийн засгийн хөгжилд бодитой үзүүлэлтийг бий болгох чадвартай гэж итгэж байна Эдгээр гэрээг үзэглэснээр үндэсний үйлдвэрлэгчдэд зөвхөн Цагаан суварга, Хөх цавын цемент шохойн үйлдвэрээр тогтохгүй бусад үйлдвэрлэгчид, гаднын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай гэрээ байгуулах боломжийг нээж байгаа. Эдгээр төсөл хэрэгжиж, хоёр үйлдвэр ашиглалтад орсны дараа манай улсын төсөвт урт хугацаанд найдвартай, орлого бүрдүүлэх боломж бий болно. Урьдчилсан тооцооллоор жилд дунджаар 500-гаад тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэх боломж нээгдэнэ” гэж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэллээ.
"2013 онд Хөрөнгө оруулалтын тухай анхны хууль гарсан. Энэ бол дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчид аль аль нь эрх тэгш байх нөхцөлтэй хууль. Энэ хуулийн дагуу анхны хоёр гэрээнд “Монголын алт” компани гарын үсэг зурсандаа баяртай байна. “Хөх цавын цемент-шохойн үйлдвэр”-ийн эхний хэсгийг ирэх оны зургадугаар сард, “Цагаан суваргын зэс-молибденийн баяжуулах үйлдвэр”-ийг 2018 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж тус компанийн ерөнхийлөгч Б.Нямтайшир хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.