“Оюутолгой” ХХК өөрийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймаг дахь “Оюутолгой” уурхайн цогцолбороос Монгол улс болон БНХАУ-ын хил хүртэл 96 км үргэлжилсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг төрийн өмчлөлд шилжүүллээ. Уг шугамыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн өмчлөлд шилжүүлэх, ашиглалт засвар үйлчилгээг хариуцах тухай хоёр гэрээнд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Занданхүү, “Оюутолгой” ХХК-ийн Санхүү хариуцсан захирал Стив Дугган нар өнөөдөр Эрчим хүчний яам дээр гарын үсэг зурсан байна.
Өмнөговь аймгаас БНХАУ-ын хил хүртэлх өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам 96 км урттай, хоёр хэлхээт 220 кВ-ын өндөр хүчдэлийн шугамыг 2011 онд барьсан бөгөөд 2012 оны 7 дугаар сараас ашиглаж эхэлсэн. Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд цахилгаан дамжуулах шугам 100 хувь бүрэн хүчин чадлаараа ажиллаж, найдвартай байдал нь 99.8 хувьд хүрчээ. Монгол улс, БНХАУ-ыг холбосон Монгол улсын эрчим хүчний найдвартай байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой шугам юм.
Хятадын хил хүртэлх 96 км цахилгаан дамжуулах шугамын анхны хөрөнгө оруулалт нь 39 сая доллар бөгөөд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал Д.Ганболдын хэлснээр дээрх 39 сая доллар нь “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалт 2 тэрбум доллараар нэмэгдэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл юм.
Хуулийн дагуу 110кВ-аас дээш хүчин чадалтай цахилгаан дамжуулах шугам төрийн өмчлөлд байх ёстой аж. Мөн 2014 оны 8 дугаар сард Засгийн газар, “Оюутолгой” ХХК хооронд байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-ний дагуу “Оюутолгой” ХХК өөрийн хөрөнгөөр барьсан цахилгаан дамжуулах шугамыг төрийн мэдэлд ийнхүү үнэгүй шилжүүлж байгаа юм.
Гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Рио Тинто” группийн Монгол дахь суурин төлөөлөгч С.Мөнхсүх оролцжээ.
С.Болд-Эрдэнэ