Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Азийн хаалга 2015” үзэсгэлэн нээгдлээ

Орос-Монгол улсын найрамдалт хамтын ажиллагааны сарын хүрээнд “Ворота в Азию” буюу “Азийн хаалга 2015” үзэсгэлэн өнөөдөр МҮХАҮТ-д нээгдэж байна. Арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “Орос, Монгол улсын эдийн засаг, бизнесийн худалдаа ирээдүйд Азийн талын замаар хийгдэж “Азийн хаалга” арга хэмжээ өргөжин тэлж, хөгжих юм. Манай хоёр орны иргэд хоорондоо чөлөөтэй зорчдог болсон энэ шинэ цаг үед 25 дахь удаагийн “Азийн хаалга 2015” арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой” хэмээн хэллээ.

Үзэсгэлэнд ОХУ-ын 10 мужаас хүнс, хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч, гоёл чимэглэл, техник тоног төхөөрөмж, боловсрол, эрүүл мэндийн салбарыг хамарсан нийт 25 компани өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулж байна. “Орос чанар”-ыг илтгэсэн тус үзэсгэлэнг Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ж.Гүррагчаа, ОХУ-ын “Бизнес контакт” компанийн захирал А.А. Сидоров, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш нар үзэж сонирхсон юм.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор Монгол, Оросын төрөөс тодорхой ажлуудыг хийж эхлээд байгаа билээ. Иргэд визгүй зорчиж, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг байгуулан, Хиагтаас Замын-үүд хүртэлх авто замыг байгуулахаар болж байна. Ингэснээр Орос улсаас Монголын газар нутгаар дамжин Хятадад шууд хүрэх зам бий болж давуу талтай. Уул уурхай, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуйн салбарт илүүтэй хамтран ажиллах сонирхолтой талаар “Азийн хаалга 2015“ үзэсгэлэнд оролцож буй Оросын зочид төлөөлөгчид өгүүлж байв.

Э.Од