Монгол Улс эрдэс баялгийн салбараа зөв удирдаж, хариуцлагатай хөгжүүлэхэд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга чухал ач холбогдолтой хэмээн үзэж, 2006 онд ОҮИТБС-д нэгдсэн юм. Арван жилийн босгон дээрээ ОҮИТБС-ын сургамж, үр дүнг хэлэлцэж, дунд хугацааны стратегийн баримт бичиг боловсруулахад оролцогч талуудаас санал, зөвлөмж авах зорилгоор Үндэсний чуулганаа Монголын ОҮИТБС өнөөдөр “Корпорэйт Конвейшн” төвд зохион байгуулав. Хоёр өдөр үргэлжлэх чуулганд төр, компани, иргэний нийгэм, хөгжлийн байгууллагууд, орон нутаг зэрэг олон талын төлөөлөл бүхий 200 орчим төлөөлөгчид оролцож байна. Тэдний 70 орчим нь уул уурхайн үйл ажиллагаа идэвхтэй явагддаг сум орон нутгийн төлөөлөл юм.
“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга Монгол Улсад”, “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга Дэлхий дахинаа”, “ОҮИТБС ба Дэлхийн банкны дэмжлэг”, “ОҮИТБС ба Их долоогийн дэмжлэг”, “ОҮИТБС ба Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн”, “Монгол Улсын ОҮИТБС-ын 2014 оны нэгтгэл тайлангийн тухай” зэрэг илтгэлүүд эхний өдөр хэлцэгдэв.
Чуулганы эхний өдрийн хуралдааны төгсгөлд ОҮИТБС-ын нэрэмжит шагнал гардуулах ёслол боллоо. ОҮИТБС-ын тайланг тогтмол сайн гаргасан болон тайланг олны хүртээл болгоход санаачилгатай ажилласан гэсэн хоёр үндсэн шалгуураар таван байгууллагыг Монгол улсын Ерөнхий сайдын талархлаар шагнав. “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК, “Дацан трейд” ХХК болон Уул уурхайн яам, иргэний нийгмийн “Төлсөн авснаа нийтэл” эвсэл шагналын эзэн болсныг Ерөнхий сайдын Ахлах зөвлөх, Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Дэлгэрмаа гардуулав.
Дашрамд дурдахад Монгол улс 2015 оны нэгдүгээр сараас тайлангийн цахим систем нэвтрүүлж, цахимаар тайлан авч эхлээд байгаа юм. Ингэснээр Санаачилгыг хэрэгжүүлэгч 48 орноос тайлангаа цахимаар авдаг хоёр улсын нэг болжээ.