Дэлхийн уул уурхайн тэргүүлэх компаниудын нэг “Англо Американ” компани Монгол дахь салбараа хаахаар болжээ. 2012 онд “Англо Американ Монголиа” ХХК-ийг байгуулсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 31 гэхэд уг компаниа хааж, Монголоос гарах юм байна. Энэ талаар Лондон дахь “Англо Американ” компанийн Мэдээлэл, харилцаа холбооны хэлтсийн ахлах James Wyatt-Tilby-тай холбогдож тодруулахад, “Бид өнгөрсөн 7 дугаар сард зарласан хагас жилийн тайландаа удирдлагын болон үйл ажиллагааныхаа зардлыг танахаар төлөвлөж буй тул дэлхий даяарх оффисын тоогоо хянан нягталж буйгаа мэдэгдсэн.
Энэ хүрээнд Монгол дахь оффисоо энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хаахаар шийдвэрлэсэн. 2012 онд Монголд оффисоо байгуулснаас хойш манай компани Монголд хэд хэдэн гол оролцогч талтай чухал харилцаа холбоо тогтоосон бөгөөд цаашид Монголд эрдэс түүхий эдийн олон төрөлд арвин боломж бий гэдэгт итгэж байгаа” гэсэн юм.
“Англо Американ” компанийн хувьд Монголд уул уурхайн ямар ч төсөл эзэмшдэггүй. Тэд Тавантолгойн төсөлд хөрөнгө оруулагчаар ажиллах сонирхлоо илэрхийлж байсан удаатай. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Грэйм Хэнкокийг Монгол дахь салбарынхаа захирлаар томилсон нь ч үүнтэй холбоотой юм.
“Англо Американ” нь 2014 онд 31 тэрбум долларын орлоготой ажилласан ба дэлхий даяар 148 мянган ажилтантай дэлхийн уул уурхайн 10 том компанийн нэг. Монголоос гадна Мозамбик улс дахь оффиссоо хаахаар болсон талаар өнгөрсөн сард мэдээлж байжээ.
С.Болд-Эрдэнэ