Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Орон нутагтай хамтран ажиллах загвар гэрээний төслийг хэлэлцэв

“Орон нутагтай хамтран ажиллах загвар гэрээний эцсийн зөвлөлдөх уулзалт” өнөөдөр “Блю Скай” зочид буудалд боллоо. Хэлэлцүүлгийг Дэлхийн банк, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Уул уурхайн яам зохион байгуулсан. Орон нутагтай хамтран ажиллах загвар гэрээний төслийг эцэслэн батлахаас өмнө холбогдох талуудын саналыг авах зорилгоор зохион байгуулсан хэлэлцүүлэгт голчлон уул уурхайн компаниуд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцов.  

Уул уурхайн яамны захиалга, Дэлхийн банкны санхүүжилтээр “Хоган Ловеллс” олон улсын хуулийн фирм Орон нутагтай хамтран ажиллах гэрээний загварыг боловсруулаад байгаа билээ. Загвар гэрээний төслийг Уул уурхайн яамны цахим хуудаст байрлуулснаас гадна  Mongolian Mining Journal сэтгүүл англи, монгол хэлээр бүрэн эхээр нь нийтэлж олон нийтэд нээлттэй болгосон юм.

Зөвлөлдөх уулзалтын нээлтийг үгийг Уул уурхайн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн  газрын дарга Н.Энхбаяр, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн Захирал Др.Штефан Ханселманн нар хэлсэн.

Түүний дараа гэрээний төслийг боловсруулсан “Хоган Ловеллс” фирмийн хуульч Г.Болормаа “Хамтран ажиллах загвар гэрээ”-ний төслийг танилцуулж, оролцогчдын асуултад хариулт өгөв. Мэдээллийн дараа хэлэлцүүлэгт оролцогчид 6 багт хуваагдан,  гэрээний агуулгыг багцалсан 6 үндсэн сэдэвт төвлөрч, багийн ажил хийсэн юм. Багуудаас гарсан саналын хувьд шүүмжлэлт уур амьсгал давамгайлсан бөгөөд санал зөвлөмжүүдийн дийлэнх нь гэрээний зүйл заалтыг өөрчлөх, засахад чиглэж байлаа.

Хэлэлцүүлэгт мөн Independent Social Performance Pte зөвлөх компанийн Захирал Жордан Кушмайндер “Хамтран ажиллах гэрээний хэлэлцээрийг хэрхэн хийх болон гэрээний хэрэгжилтийг хангах нь” сэдвээр илтгэл тавьж, олон улсын туршлагаас хуваалцсан юм.

Бүтэн өдөр үргэлжилсэн зөвлөлдөх уулзалтын үр дүнд талуудаас олон талт, маш олон санал санал, зөвлөмж гарлаа. “Хоган Ловеллс” хуулийн фирм санал шүүмжийг хүлээн авч буйгаа илэрхийлээд хэлэлцүүлгийн явцад гарсан санал бүрийг нарийвчлан судалж, хэлэлцсэний үндсэн дээр гэрээний төсөлд аль болох тусгахыг эрмэлзэхээ мэдэгдсэн юм. Талуудын байр суурийг нэгтгэн хэлэлцэж, загвар гэрээний төслийг засч найруулаад Дэлхийн банк, Уул уурхайн яамд хүлээлгэн өгөх бөгөөд, эцсийн хувилбарыг салбарын Яам батлах юм.

Хэлэлцүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Mongolian Mining Journal-ын 11 дүгээр сарын дугаараас уншаарай.